Өнөөгийн байдлаар эрчим хүчний төрийн хамаарал бүхий өр 2.3 их наяд төгрөгт хүрснийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэж байна. Энэхүү өрийг бууруулах, жил бүр улсын нэгдсэн төсвөөс татаас авдаг байдлыг болиулах нь Эрчим хүчний реформын нэг чухал бүрэлдэхүүн юм. Түүнчлэн цаашид гэрээ үзэглэсэн 750 сая ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгийн төслийг Эрчим хүчний реформын хүрээнд эхлүүлнэ гэдгээ Салбарын сайд наймдугаар сард мэдэгдсэн.
Тэгвэл юуны түрүүнд хуримтлагдаад буй 2.3 их наяд төгрөгийн өрийн задаргааг тайлбарлах ёстой юм. Тэр дундаа амжилттай хэрэгжсэн нь тодорхойгүй төслүүд бий. Тэдгээр төслийн үр дүнг өнөөдөр эргэн харах цаг болжээ. Тэгж байж дараагийн 2.7 их наяд төгрөгийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, алдаа гаргасан бол түүнийгээ засаж урагшлах билээ.
Иймээс өмнөх их наядаар хэмжигдэх өр төлбөрт аудит оруулах нь эрчим хүчний салбарын ил тод байдалд чухал нөлөө үзүүлэхээр байна.
Амжилттай хэрэгжсэн нь ойлгомжгүй төслүүд буюу импортын эрчим хүчийг хаах бодлогын хэрэгжилт
2023 онд Монгол Улс 189.4 сая ам.долларын 2.4 сая кВт.цаг эрчим хүч импортолсон. Тэгвэл он гарснаас хойш 10 сарын байдлаар 143.6 сая ам.долларын 1.9 сая кВт. цаг эрчим хүч импортолсныг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ.
Манай улсын эрчим хүчний дундаж хэрэглээ жилд 10 орчим хувиар өсдөг. Үүнийг хангахын тулд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд өнгөрсөн оноос батарейн хуримтлуурыг нэмж, энэ жил дахин шинээр батарейн хуримтлуур, мөн цахилгаан станц ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тэгвэл 2023 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80 гаруй хувийг импортоор хангасан Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд “Эрдэнэбүрэнгийн УЦС” ын төслийн санхүүжилт шийдэгдсэн сайн мэдээ байгаа. Дээрх төсөл амжилттай хэрэгжсэнээр Баруун бүсээс гадна Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ (АУЭХС) нд эрчим хүч нийлүүлнэ гэж төслийн ТЭЗҮ-д тусгасан. АУЭХС нь өнгөрсөн онд нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг Төвийн болон Баруун бүсийн нэгдсэн сүлжээнээс хангасан юм.
Баруун болон Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээг онцолсон нь учиртай. Энэ бүсэд Их нууруудын хотгорын муж оршдог. Тодруулбал, Монгол Улсын УЦС ын суурилагдсан нөөцүүд энд төвлөрч байна. Эдгээр станцаас өнгөрсөн онд Дөргөн, Тайшир хоёр нийт үйлдвэрлэлийн ¾-ийг дангаар эзэлжээ. Дээрх станцууд 2008 онд ашиглалтад орсон юм.
Гэвч Үндэсний аудитын газраас 2021 онд гаргасан “Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүн” аудитад Тайширын УЦС (ТУЦС)-ын 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл тухайн үеийн ханшаар 94.7 тэрбум төгрөг буюу үндсэндээ зээл огт төлөгдөөгүй гэжээ. ТУЦС нь импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулахад дөхөм болж Говь-Алтай, Завхан аймгийн төв болон найман сумыг эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн. Гэсэн ч өнгөрсөн онд АУЭХС-ний 9 орчим хувийг хангасан байна. Тайширын УЦС 2008 оноос хойш 303 сая орчим кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн. Үүгээр тооцвол импортын 20 сая орчим ам.долларыг улсдаа үлдээснээр энэхүү төслийн үр ашиг гарсан гэж манай улс үзэж буй бололтой.
Тайширын УЦС-ын адил улсдаа үр ашиг гаргасан төслийн нэг бол Дөргөний УЦС юм. Тус станц өнгөрсөн онд Баруун бүсийн нэгдсэн сүлжээнд 30.7 сая кВт. цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тэр хэмжээгээр импортыг бууруулжээ. Анх Баруун бүсийн гурван аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 50 гаруй хувийг хангахаар тооцсон. Гэвч энэ тоо өнгөрсөн онд буурч, Баруун бүсийн нэгдсэн сүлжээний 11.5 хувийг бүрдүүлжээ. Тус төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт 26.5 сая ам.доллар, зээлийн хүү 4 сая орчим доллароор хэрэгжүүлсэн тухай ашиглалтад орох үеэр мэдээлж байв. Одоогоор зээлийн үлдэгдэл хэд байгаа нь тодорхойгүй. Гэхдээ өнгөрсөн 15 жилийн хугацаанд зээлийн санхүүжилт, зээлийн хүүтэй ойролцоо буюу 30 сая гаруй ам.долларын импортыг орлох эрчим хүч үйлдвэрлэжээ.
Импортыг хаах бодлогын үргэлжлэл
Ойрын хугацаанд эрчим хүчний салбарт 2.7 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий төсөл хэрэгжихээр байна. Энэхүү санхүүжилтийн 1/3 нь Их нууруудын хотгорын мужид байрлах Ховд аймгийн “Эрдэнэбүрэнгийн УЦС” ын төслийнх юм.
Энэхүү төслийн 253 сая ам.долларын 95 хувийн санхүүжилтийг БНХАУ-ын талаас шийднэ гэсэн хүлээлттэй байсан. Тэгвэл арваннэгдүгээр сард Шанхай хотод хоёр талын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтаар төслийн үндсэн санхүүжилт шийдэгдээд байна. Дээрх төслийн барилгын ажил өнгөрсөн жилээс эхэлсэн бөгөөд төслийн нөлөөллийн бүс дэх иргэд, газрын асуудлыг шийдээд буй. Төслийн гол ач холбогдол нь импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас тухайн бүс нутгийг гаргах явдал. Цаашлаад аж үйлдвэр хөгжих суурийг тавина.
Гэвч өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангаж хүрэхээргүй байна. Тухайлбал, өнгөрсөн гурван жилийн үзүүлэлтээс харахад Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ ойролцоогоор 10 орчим хувьтай өсөж иржээ. Үүгээр тооцоолбол ирэх онд Эрдэнэбүрэнгийн УЦС барилгын ажил эхэлсэн тохиолдолд 61 сарын дараа буюу 2030 онд Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 520 сая кВт.цаг болж, тус станц 70 орчим хувийг хангах дүр зурагтай байна.
Түүнчлэн, Ховд аймгийн Мянгад суманд байрлах газрын ховор элементийн “Халзан бүрэгтэй” төсөлд 120-145 МВт цахилгаан эрчим хүч шаардлагатай гэж өнгөрсөн аравдугаар сард төслийн багийнхан мэдээлсэн. Улмаар төслийг сэргээгдэх эрчим хүчээр хангах тохиолдолд олон улсаас хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэх тухайгаа мэдээлж байсан билээ. Уг төсөл сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан тохиолдолд Монголын уул уурхайн салбарыг ногоон гэж олон улсад харагдуулахад багагүй дэмтэй. Тус төслийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 2029 оноос жигдрэх төлөвтэй гэж төсвийн баг мэдээлсэн. Энэ нь ББНС-ний өнгөрсөн оны хэрэглээ бараг хоёр дахин нэмэгдсэн үед тохионо гэсэн үг. Хэрвээ тус төслийг хэрэгжинэ гэж тооцвол ББНС-ний цахилгаан эрчим хүчний импортын хамаарлыг Эрдэнэбүрэнгийн УЦС дангаар бууруулж чадахааргүй дүр зураг харагдаж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийг өмнөх Дөргөн, Тайшир гэсэн төслүүдийн адилаар импортын цахилгаан эрчим хүч авах хэмжээтэй дүйцүүлэн шийдэх төлөвтэй байна. Нөгөө талаас эрчим хүчний горим тохируулгын станцын тоо нэмэгдэнэ. Төслийн мэдээлэлд Төвийн бүсэд эрчим хүч нийлүүлэх тухай дурдсан ч горим тохируулгад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Эндээс онцлох чухал зүйл бол эрчим хүчний мега төслүүд хувийн хэвшлийн шинэ төслүүдтэй хэрхэн уялдаж байгаа вэ гэдэг асуудал. Эрчим хүчний төслүүд импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах ч нөгөө талдаа өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлахгүй байна. Эрчим хүч гэлтгүй эдийн засгийг тэлэх үйлдвэрлэлийн шинэ төслүүд манай улсад нэн чухал юм.
Зарим статистик
Монгол Улсад хэрэгжиж буй болон хэрэгжихээр зэхэж урьдчилсан байдлаар ТЭЗҮ гаргаад байгаа төслүүд бий. Тэдгээр төслийн зарим тоон мэдээллийн харьцуулалтыг хүргэж байна.
Энержи Инсайт сэтгүүл, 2024 №06 (007)