E-Sight
Б.Чойжилсүрэн: 2024-2025 өвлийн оргил ачаалалд цахилгааны хязгаарлалт хийхгүй

Б.Чойжилсүрэн: 2024-2025 өвлийн оргил ачаалалд цахилгааны хязгаарлалт хийхгүй

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр (2024.12.31) Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ажиллалаа.

Тэрээр “2024- 2025 оны өвлийн оргил ачааллын үе эхэлсэн. Монголын эрчим хүчний систем өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Өнөөдрийн байдлаар бүх цахилгаан станцуудын бүх зуух, генераторууд бүрэн ажиллаж байгаа. Бөөрөлжүүтэй цахилгаан станцын төслийн эхний 150МВт чадлын блок төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдож, эрчим хүч нийлүүлж эхэллээ. Тус блокийн туршилтын тохируулгын ажлууд хийгдээд явж байна. Бөөрөлжүүтэй цахилгаан станцыг хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж буй. Станцын эхний блок өнөөдрөөс оргил ачаалалд оролцож эхэлнэ. 2025 оны нэгдүгээр сарын 6-наас 150МВт бүрэн хүчин чадлаар нэгдсэн сүлжээнд холбогдоно. Ингэснээр 2024-2025 оны өвлийн оргил ачааллын үед хязгаарлалт хийхгүй болов уу гэсэн хүлээлттэй байна. Сүүлийн жилүүдэд өвлийн оргил ачааллын үеэр энергийн хувьд жилд дунджаар 6.8-7 хувиар өсөж байгаа. ОХУ-аас манай улс 220 кВт хос шугамаар цахилгаан эрчим хүч тохируулгын горимоор авч байсан. Сүүлийн жилүүдэд манай улс энергийн дутагдалд орж байгаа учраас ОХУ-аас ялангуяа оргил ачааллын үед бүрэн чадлаар эрчим хүч авч байна. Оросын Гусиноозёрскоос 345МВт, Дархан дээр 310-315МВт цахилгаан эрчим хүчийг өдөр шөнөгүйгээр авахаар ийм нөхцөл байдалд байгаа юм. Тэгвэл Бөөрөлжүүтийн 600МВт цахилгаан станцын эхний 150МВт-ын блок энэ жил ашиглалтад орно. 2025 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө багтаагаад хоёр дахь блокийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Цаашлаад III, IV  блокийг 2027, 2028 онд тус тус ашиглалтад оруулах зорилттой” гэв.