E-Sight
Эрчим хүчний 100 хоног

Эрчим хүчний 100 хоног

Р.Оюунцэцэг
Р.Оюунцэцэг
Зочин нийтлэлч

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар дахин томилогдож, шинэ танхимаа бүрдүүлээд 100 хоног хэдийн өнгөрчээ. Хамтарсан Засгийн газар эдийн засгийг тэлж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэх зорилт бүхий мөрийн хөтөлбөрөө танилцуулснаас хамгийн ихээр анхаарал татаж буй, аминд тулсан асуудал бол мэдээж эрчим хүч. Эрчим хүчний реформ хийнэ хэмээн зарласан Засгийн газар өнгөрсөн 100 хоногт салбарт ямархан салхи оруулж буйг эргэн нэг эргэцүүлье.

Хамтарсан Засгийн газар эдийн засгийн суурь болсон стратегийн гол салбараа хэнээр удирдуулах бол гэсэн хүлээлт хамгийн түрүүнд нийгэмд, тэр дундаа салбарынханд үүссэн байсан. Тэгвэл өнгөрсөн Засгийн үед Эрчим хүчний яамыг толгойлсон ч энэ салбарын хөгжлийг эс үйлдлээрээ хоёр жил царцаасан Б.Чойжилсүрэнг дахин сайдаар томилсон нь дорвитой шинэчлэл хийгдэхгүй байж мэдэх нь гэсэн эргэлзээг лавшруулж, салбарынхны урмыг хугалав. Хамгийн их шударга ёс ярьж гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн ёс зүйгүй томилгоо энэ байх. Ёс зүй хөндөж буй шалтгаан нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой. Эрчим хүчний хамгийн том хэрэглэгчдийн нэг бол барилгын салбар. Дэлхий дахинд ч ялгаагүй нийт эрчим хүчний хэрэглээний 40 хувийг барилгын салбар дангаар эзэлдэг гэсэн үзүүлэлт бий. Эрчим хүчний салбартаа өндөр ач холбогдол өгдөг орнуудад барилга байгууламж ашиглалтад оруулахдаа цахилгаан болон дулаан хангамжийн зөвшөөрөл өгөх нь томоохон шалгуурын нэг байдаг. Тэр утгаараа энэ үйл явцыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах нь нэн чухлаар тавигддаг асуудал юм. Гэтэл манай улсад эсрэгээрээ барилгын томоохон компанийн эзэнд эрчим хүчний салбараа ийнхүү хоёр дахь удаагаа “итгэн” даатгасан тохиолдол болж байна. Барилгын салбарын магнат Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар улиран ажиллахаар болохдоо Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад тархмал эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлж, эрчимжүүлэх, эхлүүлсэн төслүүдийг хугацаанд нь дуусгах, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгохын төлөө хичээн ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын бүтцээ танилцуулахдаа ч, 2024 оны төсөвт тодотгол хийж, 2025 оны төсвөө өргөн барихдаа ч эрчим хүчний салбарыг чухалчилж буйгаа удаа дараа мэдэгдсэн. Танхимаараа томоохон реформ хийж, эрчим хүчний салбарт онцгой анхаарна гэснээр “Эрчим хүчний реформ” гэдэг үг ч мода болов. Ерөнхий сайд “Эрчим хүчний салбарт зарим хатуу шийдвэр гаргахаас аргагүй байгаа. Үйлдвэрлэж байгаа өртөг зарж байгаа өртгөөсөө зөрүүтэй байгаа энэ тохиолдолд эрчим хүчний салбар хэзээ ч ашигтай бизнес болж чадахгүй. Цаашдаа бид цэвэр эрчим хүчний салбар руу шилжихийн тулд үнийг индексжүүлэх шаардлагатай. Үүнийг хийхийн тулд аж ахуйн нэгж болон иргэд дээр инфляц ямар дарамт үүсгэх вэ гэдгийг тооцоод үе шаттай хийхээс аргагүй. Хэрвээ бид энэ хэвээр байвал эрчим хүч ашиггүй учраас хэн ч хөрөнгө оруулахгүй байгаад л байна. Эрчим хүчнийхээ салбарын боомийг тайлж, ДНБ-ээ тэлэн, эрчим хүчний салбараа ашигтай болгоод хөрөнгө оруулагч болоод хувийн хэвшилд оролцох боломжийг нээгээд явах нь чухал” гэж хэлсэн.

Түүнчлэн Шадар сайд Т.Доржханд “Монгол Улс газар доорх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийн 200 улсаас эхний тавд ордог бол газар дээрх сэргээгдэх нөөцөөрөө эхний хоёрт ордог. Гэсэн хэдий ч бид улсаараа эрчим хүчний дутагдалтай, дотоод улс төрийн зөрчил болон гадны нөлөөгөөр сүүлийн 40 жил шинэ эх үүсвэр барьж байгуулаагүй нь бодит үнэн. Тэгвэл бие биедээ дэгээ тавьсан улстөрийн зөрчлийг давж Хамтарсан Засгийн газарт орох урилгыг ХҮН нам хүлээн авч Эрчим хүчний реформ хийх Үндэсний хороог ахлан ажиллаж байна. Үндэсний хорооны зүгээс эрчим хүчний салбарт эрх зүйн шинэчлэл хийх, төрийн монополыг задалж үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ, тарифыг зах зээлийн зарчимд шилжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт татах, ялангуяа ногоон эрчим хүчний зах зээлд зөвхөн хувийн хэвшлийг дэмжих замаар дунд хугацаандаа эрчим хүчний бие даасан тогтолцоог үүсгэж, урт хугацаанд эрчим хүчний экспорт хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Эдгээр ажлыг эрчимжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн 600 МВт, Цэнэг хураагуурын 50 МВт, Баян сумын 660 МВт төслүүдийг дэмжиж, яаралтай ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллана” гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт гарсан бодитой томоохон шийдвэр гэвэл үнийн шинэчлэлийг нэрлэж болохоор байна. Эрчим хүчний зохицуулах хороо арваннэгдүгээр сарын 15-наас цахилгаан эрчим хүчний үнийг бодит өртөгт хүргэх шийдвэр гаргаснаа танилцуулсан. Тухайн өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг шийдвэрээр 1 кВт.цаг тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орсон буюу хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай тарифыг нэвтрүүлсэн. Тодруулбал, айл өрхийн тухайн сарын эхний 150 кВт.цаг хүртэл хэрэглээг 175 төгрөг, дараагийн 150-300 кВт.цагийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөг, 300 кВт.цагаас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцохоор болсон юм. Илүү хэмнэлттэй, бага хэрэглэсэн нь бага төлж, өндөр хэрэглээнд өндөр дүнтэй төлбөр төлөх нөхцөлийг ямар ч байсан эхлүүлэв. Мөн өнгөрсөн 100 хоногийн хугацаанд эрчим хүчний шинэ эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нээсэн тухай мэдээлсэн. Аравдугаар сарын 5-ны өдөр нээснийг зарлаад байгаа уг станцын нийт хүчин чадал 600 МВт гэж буй ч эхний 150 МВт-ын барилгын ажил дуусаад байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл, төвийн эрчим хүчний шугамд цахилгаан дамжуулж хараахан эхлээгүй байгаа гэсэн үг. 1991 оноос хойш 30 гаруй жил яригдаж байгаа Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж байгааг Ерөнхий сайд тэмдэглэн хэлсэн ч энэ төсөл салбарт хувь нэмрээ оруулах хүртэл 8-10 жилийн хугацаа байна. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ДЦС гээд төслүүдийн ашиглалтад орох хугацаа мөн л хол байгаа ч ямар ч байсан төсөвт мөнгө суулгаж, гадаадын зээл тусламж авах хэлэлцээг эхлүүлснийг эергээр харж болох юм. Гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтын ердөө 8% нь л эрчим хүчний салбарт ногдож байгааг энд дурдах нь зүйтэй.

Байдал ийм байгаа ч Монгол Улс 2025-2026 онд хэрэглээгээ гүйцэж, 2027 оны улсын наадмын үеэр дотоодоосоо эрчим хүчээ бүрэн хангах боломжтой болно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаагаа Эрчим хүчний сайд илэрхийлсэн. Яг өнөөдрийн байдлаар бид өвлийг хүндхэн давахаар байна. 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн манай улсын эрчим хүчний хэрэглээ 1400 МВт.цаг байсныг “Энержи Инсайт”- ын "Өнөөдрийн хэрэглээ" булангийн өдөр тутмын мэдээллээс харж болно. Эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 1548 МВт боловч өвөл дөнгөж эхэлж буй, -8 хэмийн хүйтэн энэ өдөр л гэхэд хэрэглээ 90 хувьд хүрээд байгаа үзүүлэлт өвлийг амаргүй давахын эхний дохио юм. 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласны хүчинд манай улс хавартай золгосон бол энэ онд зун намаргүй, хот хөдөөгүй хязгаарлалтад орсон нь байдал улам дордож байгаагийн илрэл. Манай улсын хувьд эрчим хүчний реформын асуудал 2001 оноос хойш яригдаж иржээ. Гэхдээ энэ хугацаанд эх үүсвэрээ дорвитой нэмж чадаагүй, оновчтой гарц шийдэл санал болгосон судалгаа тооцоо хийгээгүй салбарыг үндсэндээ зөнд нь хаясан мэт явж ирсэн билээ. Уг нь суурилагдсан хүчин чадал 15 хувийн нөөцтэй байх ёстой. Аливаа осол аваарын үед тэр нөөцийг ашиглах замаар даван туулах зарчимтай ч олон жил ярьж, хийсэн зүйлгүй дороо хий эргэсээр манай улсын эрчим хүчний салбар тоормос гишгэх эрхгүйгээр тултал хаазлаад ч хэрэглээгээ хүчрэхгүй явж байгаа билээ.

Салбарт үнийг хэт тогтоон барьж, халамжийн систем рүү оруулах, хөрөнгө оруулалт татах орон зайгүй болгож, шинэчлэлийг хойш тавьснаар улсаараа дампуурч болдгийг өнөөгийн Куба улсын жишээ бэлхнээ харуулж байна. Аравдугаар сарын 18-нд тус улсын эрчим хүчний систем бүхэлдээ унаж, улс даяар түнэр харанхуйтай нүүр тулж, улсын эдийн засаг нь хямарч эхэлсэн бол энэ байдал өнөөдөр улам гүнзгийрэн хүндэрсээр байгаа юм. Дэд бүтэц нь хэт хуучирсан, шатмал түлшнээс өндөр хамааралтай гэдгээрээ Куба улсын эрчим хүчний салбар манайхтай тун төстэй. Куба шиг дулаан оронд нүүрлэсэн энэ гамшиг манай улсад тохиолдвол өвлийг давах боломжгүй болно гэдгээрээ Монгол Улсын нөхцөл бүр ч хүнд юм. Тус улсын эрчим хүчний салбарт 8-10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж олон улсын шинжээчид дүгнэжээ. Гэвч энэ хөрөнгө орж ирлээ гэхэд эрчим хүчний системийн үйл ажиллагааг хэвийн болгож сэргээхэд 10-15 жил, эдийн засгаа буцаан хөл дээр нь босгоход 20-30 жил шаардагдана гэж тооцоолж байна, реформоо зөв хийж чадвал шүү дээ. МАН олонх болж, Засгаа үргэлжлүүлэн барих нөхцөл бүрдсэн, УИХ-д сонгогдсон гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсан гэдэг утгаараа энэ удаагийн Засгийн газар асуудлуудаа гацаахгүй шийдээд явчихна гэсэн хүлээлт өндөр байгаа. Ялангуяа Монгол Улсын хувьд хоолойд тулсан асуудал болох эрчим хүчний салбараа хяналтаасаа алдаж, Куба улсын араас орчихгүйн тулд зөв бодлого явуулна гэдэгт найдаж байгаа. 100 хоногоор Засгийн газрын ажлыг бүрэн үнэлэх боломжгүй ч бодлогын сууриа зөв тодорхойлоход бага хугацаа бас биш билээ. Учир нь зөвхөн үнэ нэмснээрээ реформ болохгүй ба дамжуулалтын сүлжээ, дэд бүтцийг шинэчлэх, хүний нөөц, технологийн шинэчлэл, хууль эрх зүй гээд бүх талаас нь анхаарах ихээхэн асуудал энэ салбарт нүүрлээд байна.