Эрчим хүчний реформыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал (2025.02.07) боллоо. Эрчим хүчний салбарын тогтвортой өсөлтийг хангах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх, шинэ эх үүсвэр болон шугам сүлжээний горим зохицуулалттай холбоотой судалгаануудын үр дүнг танилцуулсан байна. Мөн айл өрхийн хэрэглээнээс хамаарсан 3 шатлалт тарифын бодит гүйцэтгэл, хэрэглээнд хийсэн шинжилгээний талаар хэлэлцжээ.
Хурлаар хэлэлцсэн асуудлуудын хүрээнд Эрчим хүчний Реформын үндэсний хорооны дарга Т.Доржханд дараах үүрэг даалгаврыг өгчээ. Тухайлбал,
- Эрчим хүчний тухай хуулиудыг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх,
- Эрчим хүчний аюулгүй, найдвартай байдлыг хангах, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтын ажлыг 2025 онд багтаан эхлүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллах,
- Үнэ тарифын талаарх бодит мэдээлэл, зөвлөгөөг хэрэглэгчдэд тогтмол, хүртээмжтэй хүргэх, хэрэглэгчийн гомдол маргаантай холбоотой асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж ажиллах
Мөн хуралдаанаар Эрчим хүчний реформын 2025 оны төлөвлөгөөг баталжээ. Төлөвлөгөөнд үндсэн таван чиглэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байна.
- Эрчим хүчний салбарын засаглал, менежментийг сайжруулах,
- Эрчим хүчний шилжилтийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх,
- Эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах,
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, ухаалаг технологийг дэмжих,
- Эрчим хүчний реформын талаарх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх.