Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзах үеэр эрчим хүчний асуудлыг хөнджээ. Тодруулбал, Монгол дан ганц сэргээгдэх гэлтгүй эрчим хүч экспортлох саналыг Хятадын талд тавьсан байна. Энэ саналыг хүлээн авч, дэмжихээр болж хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэр гарсныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдлээ.
Тэрээр “Өнөөгийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нөхцөл байдал сайнгүй байгаа нь үнэн. Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг тодорхой хэмжээгээр өртөгт нь хүргэхээр 2024 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс шинэчилсэн. Иргэдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа хэдий ч хамтарсан Засгийн газар эрсдэл гарган энэ ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн.
Одоогоор Монгол Улс 1.7 ГВт цахилгаан эрчим хүчний хүчний хэрэглээтэй байна. суурилагдсан хүчин чадлаасаа хэрэглээ давсан байгаа. Гэхдээ 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш цахилгааны хязгаарлалт хийсэнгүй. Өнгөрсөн жил хэд хэдэн эх үүсвэр ашиглалтад орууллаа. Тухайлбал, Дорнод аймагт 50 МВт ДЦС-ын өргөтгөл, Багануурт батарей хуримтлуурын 50 МВт станц, Бөөрөлжүүтийн нийт 600 МВт цахилгаан станцын эхний 150 МВт-ын блок нэгдсэн системд ажиллаж эхлээд байна. Түүнчлэн, Сэлэнгэ аймагт 70 МВт станцын бүтээн байгуулалт явагдаж байгаа бөгөөд энэ жил эхний 35 МВт блокийг ашиглалтад оруулна. Тосоцэнгэлийн 30 МВт цахилгаан станцын төслийн 22 МВт-ыг энэ сард ТБНС-д холболоо.
2027 оны эхний хагаст гэхэд Монгол Улс эрчим хүний хэрэглээгээ гүйцнэ гэсэн амлалтыг бид өгсөн.
Энэ жилийн нэгдүгээр улиралд багтаан 400 МВт батарей хуримтлуурын станцыг төслийг эхлүүлнэ. Хөрөнгө оруулагчтай тохиролцсон. Уг батарей станцыг төвийн сүлжээнээс цэнэглэхгүйгээр 1600 МВт нарны цахилгаан станцын хамт ашиглалтад оруулах энэхүү ажил 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр улирал гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ тохиолдолд 2027 оныг хүлээхгүйгээр манай улсын суурилагдсан хүчин чадал хэрэглээгээ давж гүйцнэ гэсэн төсөөлөлтэй байгаа.
Мөн Багануурт 660 МВт хүчин чадалтай ДЦС-ын төслийн ажил энэ жилийн хоёрдугаар улиралд эхлүүлэх юм бол 2028 оны нэгдүгээр сар гэхэд ашиглалтад орох боломжтой. Уг төслийн хөрөнгө оруулагчтай хэлэлцээр амжилттай явагдаж байна” гэв.