“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт 140 гаруй төсөл тусгагдсан. Үүнээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих боломжтой 30 орчим төсөл байна. Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлснээр олон салбарт шинэчлэл хийгдэж, бизнесийн томоохон шинэ зах зээл нээгдэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Эдийн засаг хөгжлийн яам, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв ТӨААТҮГ, Азийн хөгжлийн банктай хамтран “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум”-ыг (2025.03.13) зохион байгууллаа. Уг форум нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг сайжруулах, түншлэлээр хэрэгжих боломжтой төслүүдийг танилцуулах, шинэ туршлага судлахад чиглэсэн өргөн цар хүрээг хамарч буйгаараа онцлог гэдгийг зохион байгуулагчдын зүгээс тодотгож байлаа.
Форумын эхэнд, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин нар нээж үг хэлэв. Дараагаар ТХХТ-ийн тухай хуулийн хэрэгжилт, түншлэлээр хэрэгжүүлэх төслүүд, ТХХТ-ийн тухай ерөнхий ойлголт, олон улсын чиг хандлага, Төр хувийн түншлэлээр төсөл хэрэгжүүлсэн туршлага сэдвийн хүрээнд илтгэл танилцуулсан юм.
Хоёрдугаар хэсэгт, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон нийслэлийн зүгээс ойрын хугацаанд түншлэлээр хэрэгжүүлэх боломжит төслүүдээ танилцуулж, хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтран ажиллах, түншлэх талаар нээлттэй ярилцав.
Форумын төгсгөл хэсэгт төр, хувийн хэвшлийн түншлэл сэдвийн хүрээнд өргөнөөр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хувийн хэвшлүүдийн зүгээс төртэй хамтран төсөл хэрэгжүүлэхэд удаашралтай байдаг талаар онцлон дурдсан юм. Үүний сацуу хууль, эрх зүйн орчны тогтвортой байдлыг бүрэн хангах хэрэгтэй байгааг илэрхийллээ. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс, гадна дотнын хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийнхэн дугуй ширээ тойрсон бизнес яриа өрнүүлж, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжийн талаар нээлттэй ярилцсан юм.
Түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр нийт таван төсөл судлагдаж байна. Уг төсөлд оролцохоор нийт 70 орчим компани мэдээллээ ирүүлжээ.
Салбарын яамдын санаачилгаар хэрэгжүүлэхээр урьдчилан үнэлгээ хийгдсэн:
● Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Хэрлэн гол дээрх усан хуримтлуурт 100 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцын төсөл
● Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумд Байдраг гол дээрх горим тохируулгат 30 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцын төсөл
● Төв аймгийн Сэргэлэн суманд баригдах аюултай хог хаягдлын төсөл
Хувийн хэвшлийн санаачилгаар бүрэн шинжилгээ хийгдэж буй төслүүд:
● Мөрөн-Улиастай чиглэлийн 261 км хатуу хучилттай авто замын төсөл
● Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1255 км төмөр замын төслүүд
ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Ерэн-Өлзий “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эрчим хүчний хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ аукцион зарлах байдлаар явна. Эдгээр зарлагдах төслүүд зүүн болон баруун бүсэд голлон хэрэгжинэ. Учир нь хувийн хэвшлүүдийн хэрэгжүүлсэн эрчим хүчний төслүүд ихэвчлэн төвийн бүсэд хийгдсэн байдаг. Иймд Монгол орны хязгаарын бүсүүдэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна” гэсэн юм.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал М.Амгаланбаатар, “Манай төвд төр, хувийн хэвшлээр судлагдах төслүүд ирдэг. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжээд удаагүй байна. Хуулиа хэрэглэж дадаагүй тал ажиглагддаг. Иймд хуулийг таниулах, амьдралд илүү нийцсэн болгох шаардлага байна. Түүнчлэн хувийн хэвшлүүд төртэй хамтран ажиллахад итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоогоор төр, хувийн хэвшлийн түншлэлээр аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид нийтийн зориулалттай дэд бүтэц барих төрийн үйлчилгээг гүйцэтгэхэд тулгамдаж байгаа асуудлыг ярилцаж байна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн хэрэгжилтэд юу саад болж байгаа, хаана урт хугацаа алдаад байгааг илрүүлж, хурдацтай хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ, алхмуудыг товчлох хэлэлцүүлэг боллоо” гэв.
Мэдээж төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөгдөж байгаа тул нийтийн шинжтэй төслүүд хэрэгжихэд хангалттай хугацаа биш гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Мөн хуулийн хэрэгжилтийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтнүүдийг ажлуулж байгаа аж.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аливаа төслийг хэрэгжүүлснээр төр дангаараа авч явдаг олон салбарын үйлчилгээ, бүтээн байгуулалт, дэд бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, цаашдын үйл ажиллагааг хувийн хэвшлүүд дангаараа авч явах нөхцөл боломж бүрдэнэ. Ингэснээр хувийн хэвшлийн орон зайг тэлэх, төсвийн зарлагын дарамт багасах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, нийтийн шинжтэй дэд бүтцийг цаг алдалгүй хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран бүтээн байгуулна гэдэг нь манай өнөөдрийн нийгэмд нэн хэрэгтэй. Энэ утгаараа дээрх арга хэмжээ олон талын ач холбогдолтой бөгөөд төрөөс аливаа үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрх зүйн орчин хийгээд бодлогоор дэмжлэг үзүүлж, таатай нөхцөлийг бүрдүүлж чадвал салбар бүрд гарцаагүй ахиц дэвшил авчирна гэж форумын зохион байгуулагчид үзэж байна.