E-Sight
Жилийн ₮10 их наядын өртөгтэй агаарын бохирдлын шийдэл

Жилийн ₮10 их наядын өртөгтэй агаарын бохирдлын шийдэл

Р.Оюунцэцэг
Р.Оюунцэцэг
Зочин нийтлэлч

Аймшигт түймэрт өртөөд буй Лос Анжелос хоттой агаарын бохирдлоороо ижил хэмжээнд байгаа үзүүлэлт нь нийслэлчүүд бид ямар гамшгийн нөхцөлд амьсгалж, амьдарч байгааг тайлбарлах нь илүүц биз ээ. Дэд бүтцийн төлөвлөлтгүй, эрчим хүчний дутагдалтай явж ирсэн олон жилийн уршиг үүний нэг шалтгаан гэж болно. Нийслэлийн нийт өрхийн 55 хувь гэр хорооллын 215,000 айл буюу төвийн бүсийн дулаан хангамжийн системд холбогдож чадахгүй, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн өвлийг нүүрс, шахмал түлшний хүчээр хордоод ч хамаагүй давж байгаа нь үүний нотолгоо билээ. Тийм ч учраас өнөөдрийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айлууд хүссэн хүсээгүй “үйлдвэрлэж” байгааг MICC-ийн судалгаанд мөн тооцоолж гаргажээ. 

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын жилийн дундаж агууламж ДЭМБ болон Монгол Улсын Агаарын Чанарын стандартад зөвлөсөн хэмжээнээс 6-9 ДАХИН ИХ байсаар байна. Гэр хорооллын айлууд жил бүр 23,000 тонн бохидуулагч бодис үйлдвэрлэн агаарт дэгдээж байгаагийн 11,000 тонн нь ширхэглэгт тоосонцор, 9500 тонн нь хүхрийн исэл гээд бодохоор эрүүл байх ямар ч боломжгүй байгаа юм. Үзүүлэлт нь 500 давахад “Маш их бохирдолтой буюу эрүүл мэндэд аюултай”-д тооцогддог Улаанбаатарын агаарын чанарын индекс ийнхүү өвлийн улиралд 700 г давж л байдаг болов. Байдлыг улам дордуулж байгаа бас нэг зүйл нь үнс, нурам. Гэр хорооллын айлуудаас гарах үнсний хаягдал нийслэлийн нийт хог хаягдлын 50 хувь орчмыг эзэлж, жилд дунджаар 104,000 тонн үнсийг Улаанбаатар хотын ойролцоо хогийн цэгүүд дээр тасралтгүй хаяж байгаа нь дулаан улиралд ч тоосонцорт ширхгүүд агаарыг бохирдуулах шалтгаан болж байна. Үүнд гэр хороололд амьдарч байгаа иргэдийг шууд буруутгах аргагүй. Харин агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн үзүүлэлтүүдээ тооцоолж, шийдлээ яаралтай тодорхойлох нь чухал юм. 

2025 он хүртэл жил тутам 1.1 их наяд гарахаар байна

MICC-ийн судалгаанаас эдийн засгийн тооцоолол яах аргагүй анхаарал татав. Энэ бол агаарын бохирдлоос шууд болон дам байдлаар гарч байгаа зардлууд гэсэн үг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тооцоогоор гэр хорооллын айлууд халаалтаа шийдэхийн тулд өрхийнхөө жилийн нийт орлогын 17.5 хувийг нүүрс худалдаж авахад зарцуулж буй. Тэгвэл нийслэлийн гэр хорооллын айлуудын нүүрсний хэрэглээний жилийн өртөг 178 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг MICC-ийн тооцоололд дурджээ. Үүн дээр жилдээ 5.2 сая тонн нүүрсээр цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг станцуудын өртгийг нэмбэл нийслэлийн зөвхөн нүүрсний зардал жилд 337 орчим тэрбум төгрөг болдог байна. Агаарын бохирдлыг бууруулахаар жилдээ төсвөөс мөн мөнгө зарцуулдаг. Энэ мөнгө 2008-2016 онд жилд 16.4 тэрбум төгрөг байсан. Цэвэр агаар сангаар дамжуулан зуух, боловсруулсан түлшинд татаас олгох, гэрийн дулаалга, үнс хог тээвэрлэх машин нийлүүлэх зэрэг үр ашиггүй төслүүдэд дээрх хугацаанд 93.5 тэрбум төгрөг зарцуулсныг аудит ч дүгнэжээ. Мөн хугацаанд төсвөөс гадна олон улсын байгууллагуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл 87 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс гадна 2017 оноос Засгийн газар тогтоол гарган Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2025 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Агаарын бохирдлын төсвийн зардлын шинжилгээний тайланд тусгаснаар дээрх хөтөлбөрийн турш нийт 4.1 тэрбум ам.доллар буюу 9.8 их наяд төгрөг зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, жилд ойролцоогоор 1.1 их наяд төгрөг бүхий төсвийн зардал гаргахаар байна. 

Нэг өрх жилд 293 хүн цагийг гал түлэхэд зарцуулдаг

Дээр тоочсон мөнгөнүүдээс гадна агаарын бохирдлоос үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бүрэн дүүрэн хэмжих хүндрэлтэй. Гэхдээ их мэдэгдэж байгаа тооцооллуудыг уг судалгаанд аль болох өргөн хүрээн хамруулан авч үзжээ. Агаарын бохирдлын улмаас үүдэлтэй нас баралт, эндэгдэл л гэхэд 2013 онд 2400 байсан бол 2018 онд 4000 болж нэмэгджээ. Энэ нь манай улсын эдийн засагт 6.83 их наяд төгрөгийн хохирол учруулсан байна. Зөвхөн 2023 онд гэхэд 61 хүн угаарын хийд хордож нас барсныг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэн мэдээлсэн. Нүүрсний хэрэглээтэй холбоотой далд зардал гэж бас бий. Тухайлбал, өрхийн нэг гишүүн гал түлж, гэрээ халаахад дунджаар 1.5 цаг зарцуулдаг. Нэг өрх жилд дунджаар 293 хүн-цаг зарцуулж байгааг Улаанбаатар хотын дундаж орлоготой уялдуулан алдагдсан боломжийн өртгийг MICC тооцож гаргажээ. Энэ бол 505 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, нэг өрх нүүрстэй холбоотойгоор жилд 2.3 сая төгрөгийн зардалтай байна. Цаашлаад агаарын бохирдолтой холбоотой орон сууцны үнэ байршлаас хамаараад үнэд орж байгаа бол бага хордох зорилгоор хувийн машинаараа зорчих хүсэл нэмэгдэж байгаа нь түгжрэлийг гааруулж, дунджаас дээш орлоготой иргэд гадагш зорчих зэрэг олон дам нөлөө бий болсон. Эрүүл мэндийн зардал мэдээж өссөнтэй хүн бүхэн санал нийлнэ. НҮБ-ийн Хүүхдийн сан агаарын бохирдол 2016 онд 18.4 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн халамжийн зардал учруулсан гэж үзсэн ба энэ зардал жил тутам 8 ба түүнээс дээш хувиар өсөж байгаа аж. 2018 онд л гэхэд 22 тэрбум руу дөхсөн гэж тооцож байж.  

Эрчим хүч суурь шийдэл нь

Энэ бүх хүчин зүйлсийг нэгтгэхэд манай улсын эдийн засагт агаарын бохирдол зөвхөн нэг жилд дунджаар 10.8 их наяд төгрөгийн зардал бий болгож байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, V ДЦС эх үүсвэрийг барих хэмжээний зардал жил бүр ил, далд хэлбэрээр улсын төсөв, зээл тусламж, өрхүүдээс гарч байна. Хэрэв Монгол Улс эрчим хүчний томоохон эх үүсвэр нэмж чадвал дэд бүтцийн хангамж сайжирна. Үүнийг дагаад гэр хороололд амьдарч байгаа ч утаа гаргахгүйгээр цахилгаан, дулаанаа хангах, орон сууцны хангамжийг сайжруулах зэрэг олон боломж бүрдэнэ. Яагаад гэвэл энэ хэрэгцээг өнөөдөр хангаж байгаа гол эх үүсвэр нь нүүрс буюу агаарын бохирдуулагч юм. Агаарын бохирдол буурвал дээр дурдсан дам зардлууд үгүй болж, амьдрах орчин сайжирч, иргэдийн сэтгэл зүйн байдал ч сайжрахыг ганцхан иргэний жишээ нотолж байгаа юм. СХД-ийн 31 дүгээр хорооны иргэн Н.Гантуяа нарны эх үүсвэрээр цахилгаан, дулаанаа шийдэж, энэ жил анхны өвлөө давж байгааг “Энержи Инсайт” сурвалжилсан. Гэрт зуух, яндангүй, гал түлж, нүүрс, үнстэй зууралдахгүй амьдрах нь түүний сэтгэл зүйд хамгийн том өөрчлөлт үзүүлснийг бидэнтэй хуваалцсан. “Амьдрах орчин ая тухтай болж, цаанаа амар амгалан болсон нь юутай ч зүйрлэхгүй хамгийн том эерэг өөрчлөлт байсан” хэмээн ярьсан юм. Тухайлбал, энэ айл өмнө нь сард цахилгаан болон түлшний мөнгөнд 250 орчим мянган төгрөг зарцуулдаг байсан бол нарны эх үүсвэрээр цахилгаан, дулаанаа шийдсэнээр зардал нь 2.5 дахин бодитой буурсан. Үүний цаана гал түлж, нүүрс зөөж, үнс асгадаг байсан цаг хугацаа хэмнэж, боломжийг алдалгүй өөр зүйлд хөрөнгө оруулдаг болсныг дурдах хэрэгтэй. Тиймээс агаарын бохирдлыг шийдэх нэг суурь асуудал нь эрчим хүчний хангамж.