E-Sight
Салбарын засаглал, бүтцийн шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцжээ

Салбарын засаглал, бүтцийн шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцжээ

Э.Оджаргал
Э.Оджаргал
Ерөнхий эрхлэгч

Эрчим хүчний реформын үндэсний хорооны ээлжит хурал (2025.03.27) болжээ. Салбарын засаглал, бүтцийн шинэчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Үндэсний эрчим хүчний ухаалаг системийг хөгжүүлэх, цахилгааны хангах үйл ажиллагааг ухаалаг цахим хэлбэрт шилжүүлэх, дулааны эрчим хүчний хэрэглээг хэмжүүржүүлэх арга хэмжээ, үнэ тарифын өөрчлөлтөөс бий болсон нэмэлт орлого, түүний хуваарилалт, зарцуулалтын талаар хэлэлцсэн байна. 

Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд дараах үүрэг даалгаврыг өгчээ.  
• Эрчим хүчний салбарын засаглал, бүтцийг сайжруулах асуудлыг Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн бүтээмжийн реформ болон холбогдох хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төслийн саналтай уялдуулан нарийвчлан судлах, шинэчлэлийн талаар хийх арга хэмжээний саналаа нэгтгэж дараагийн хурлаар хэлэлцүүлэх, энэ хүрээнд салбарын яам, оролцогч талуудын уялдааг хангаж Үндэсний хорооны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар тогтсон байна. 

• Эрчим хүчний нэгдсэн систем, хэрэглэгчийг холбосон ухаалаг тоолуурын нэгдсэн системийг бий болгох, үндэсний хэмжээний цахим платформыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын судалгаа хийж, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулахыг Үндэсний хорооны ажлын алба болон салбарын байгууллагуудад даалгажээ. 

• Үнэ тарифын нэмэгдлээс бий болсон орлого салбарын үйлдвэр компаниудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлж, дэмжлэг болж байгаа талаарх бодит мэдээлэл, зөвлөгөөг нийтэд хүртээмжтэй хүргэх, зардлын бодит бус өсөлтийг хязгаарлахад онцгой анхаарч, технологийн засвар шинэчлэлд үр дүн гаргаж ажиллах чиглэл өгсөн байна.  

Мөн Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, зах зээл, либералчлалыг хөгжүүлэх хүрээнд Засгийн газрын тусгай эрхт элчин сайдаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, хөрөнгө оруулалт, эрчим хүчний экспорт, мега төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах хүрээнд Засгийн газрын тусгай эрхт элчин сайдаар Ерөнхий сайд асан С.Батболд нар томилогдон, Эрчим хүчний реформын Үндэсний хороонд зөвлөгөө өгч хамтран ажиллахаар болсныг танилцуулав.

Түүнчлэн Эрчим хүчний Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан, "Эдийн засгийн хөгжлийн төв”-ийн захирал Д.Зориг ажиллаж байна.