УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар (2025.03.28) Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний реформын хурдац сүүлийн үед саарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ учир 2028 онд бүрэн эрхийн хугацаа дуусахад бүрэн хэрэгжүүлсэн байна. Эрчим хүчний салбар манлайлан ажиллана гэдгийг хэлье.
Хоёрдугаарт, дотоод аудитыг улирал бүр хийж байгаа. Эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотой ихээхэн шүүмжлэлд өртөж байна. Үнэ нэмсэн асуудал биш өртөгт нь ойртуулах гэсэн алхам юм. Олон нийтийн зүгээс үнэ нэмсэн бол чанар сайжрах, ил тод байх, авлига буурах ёстой гэж үзэж байгаа. Энэ зарчмыг ч ЭХЯ-наас сүүлийн жилүүдэд баримталж байна.
Эрчим хүчний үнийн өөрчлөлтөөс 560-аад тэрбум төгрөг орж ирсэн. Ойрын хугацаанд төсвийг олон нийтэд ил тод тайлагнана.
Түүнчлэн IV ДЦС авлигад өртсөн гэх. Гэвч бодит байдалд 1 кВт.цаг эрчим хүчийг 0.002 ам.доллароор нийлүүлж байна. УИХ-д хяналт, шалгалт хийх бүрэн эрх бий. Хэрэв та бүхэнд хардлага байвал хамтран ажиллаж, шалгалт явуулахад бэлэн байна.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд олгосон тусгай зөвшөөрлүүдээ цэгцлэхгүй байгаа талаарх шүүмжлэлүүд бий. Анх 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлагдахад НЦС бол 1 кВт.цаг эрчим хүчийг 0.015-0.019 ам.доллар, СЦС бол 0.009 ам.доллароор авч байсан. 2019 онд хуульд өөрчлөлт орохоос өмнө 38 тусгай зөвшөөрөл олгогдсон. Эдгээрээс төвийн системд холбогдсон нарны 6 станц, салхин 3 станц бий. Харин намайг Эрчим хүчний сайдаар томилогдоход нарны 8 станц, салхин 3 станцын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нийт эрчим хүчний дөнгөж 9 хувийг хангаж байгаа хэр нь төлбөрийн 27 хувийг авч байна. Сэргээгдэхийн ашиг нийт эрчим хүчний салбарын алдагдалтай тэнцэж байгаа нь үнэн. Харин цаг хугацаандаа ажлаа эхлээгүй төслүүдийг ЭХЯ болон ЭХЗХ-ноос тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн. Гэсэн хэдий ч шүүхээр эрхээ дахин сэргээлгэж байгаа төвөгтэй асуудлууд гарч байна. Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл авчихсан байсан аж ахуйн нэгжүүд ил, далд янз бүрийн хүндрэл учруулж байна.