E-Sight
Д.Эрдэнэбат: Эрчим хүчний салбарын ажилтнуудын эрх ашгийг тооцохгүйгээр реформ хийнэ гэвэл, буруу бодож байна

Д.Эрдэнэбат: Эрчим хүчний салбарын ажилтнуудын эрх ашгийг тооцохгүйгээр реформ хийнэ гэвэл, буруу бодож байна

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрчим хүчний салбарт хууль тогтоомжийн зөрчил хэрээс хэтэрлээ” хэвлэлийн бага хурлыг (2025.04.15) хийлээ. 

Засгийн газар эрчим хүчний салбарт төрийн чиг үүргийн давхардлыг арилгаж, засаглал бүтээмжийн чанарыг сайжруулахаар “Эрчист Монгол” ХХК-ийг байгуулахаар болсон. Гэтэл эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, засаглалын асуудал, реформын үйл ажиллагаатай уялдахгүй байгааг ҮЭ-ийн Холбооноос хэлж байна. Учир нь “Эрчист Монгол” компанийг үүсгэн байгуулсан нь эрчим хүчний салбарын Хамтын хэлэлцээрийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж 

Хамтын хэлэлцээрт тусгагдсан ажилтнуудын тэтгэмж, тусламж, нэмэгдэл цалин дээр аудитууд акт тавьдаг. Ингэснээр нэмэгдэл цалин хөлс, тэтгэмж авч чаддаггүй байдал нь ажилтанд хохиролтой болохыг илэрхийлсэн. Угтаа Хамтын хэлэлцээрт тусгагдсан асуудлууд Хөдөлмөрийн хуулиудаар зохицуулагддаг. Аудитын байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөх ёстойг хэллээ. 

Мөн, төрийн өмчит компаниудад үр ашгийг нэмэгдүүлэх нэрийн дор бүтээмж, хяналтын менежерүүдийг томилсныг эсэргүүцлээ. Тиймээс нэн түрүүнд Төрийн хэмнэлтийн тухай хууль нь бусад хуультай зөрчилдсөн байдлыг өөрчлөхийг шаардав. 

Хэвлэлийн хурлын төгсгөлд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, эрх зүйн хүрээнд аудитын акт хийх, Эрчим хүчний яамыг Хамтын гэрээ хэлэлцээрт заасан үүргээ биелүүлэхийг шаардаж байна.  

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Эрчим хүчний салбарын ажилтнуудын эрх ашгийг тооцохгүйгээр реформ хийнэ гэвэл буруу бодож байна. Реформын Үндэсний хороо, хуулийн Ажлын хэсгийн зүгээс эрчим хүчний салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзаагүй. Байр сууриа илэрхийлээгүйгээс үзэхэд салбарын ажилтнуудаа  “хаяж” байгаа юм. Ажилтангүйгээр өөрчлөлт шинэлэлт хийх боломжгүй. Өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа бол ажилтны хууль ёсны эрх ашгийг тэргүүнд  тавих ёстой. Хөдөлмөрлөх нөхцөл, ажлын байрны баталгааг хангаж, цалин хөлс нийгмийн баталгааг бий болгох ёстой. Үүнд бид шүүмжлэлтэй хандаж байна. Реформ зөвхөн үнэ тарифын асуудал биш. Ажилтан боловсон хүчний чадавхыг сайжруулах ажил хамт явах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.