Өчигдөр (2025.05.07) УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хуралдсан байна. Уг хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний нөхцөл байдлын талаар хорооны гишүүдэд мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, "Манай улсын эрчим хүчний салбарт үнэ, тарифыг бодит өртгөөс доогуур тогтоож ирсэн буюу 1.0 кВт.ц цахилгааны өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах үнийг 2023-2024 онд 216 төгрөгөөр, үүнээс айл өрхийн үнийг дунджаар 140 төгрөгөөр буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур тогтоогдож ирсэн. үүнээс шалтгаалан нүүрсний уурхай, төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар 2024 онд нийтдээ 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байна.
Хуримтлагдсан өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрсний улмаас түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд гарах эрсдэл нэмэгдсэн зэргийг харгалзан эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт нийцүүлэн шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэмэгдүүлж, дунджаар 216 төгрөгөөс 280 төгрөгт хүргэн 29.6 хувиар нэмэгдүүлсэн байна. Үүний хүрээнд, уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэр ангиллын дундаж тариф 294 төгрөг байсныг 342 төгрөг болгож 16.3 хувиар, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагынх 222 төгрөг байсныг 291 төгрөг болгож 30.7 хувиар, айл өрхийнх 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож 50.8 хувиар тус тус нэмсэн.
Айл өрх эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх сонирхлыг төрүүлэх, төлбөрийн ачааллыг бүууруулах үүднээс хэрэглээнээс хамаарсан гурван шатлал бүхий тарифыг нэвтрүүлсэн байна. Энгийн тоолууртай айл өрхийн цахилгааны тариф 150 кВт.ц хүртэл хэрэглээнд 134.28 төгрөг байсныг 175.00 төгрөг болгож 30 хувиар, 151 кВт.ц-аас дээш хэрэглээнийх 154.08 төгрөг байсныг 300 кВт.ц хүртэлх хэрэглээнд 256 төгрөг болгож 66 хувиар, 301 кВт.ц-аас дээш хэрэглээнд 285 төгрөг болгож 85 хувиар тус тус нэмжээ. Мөн гурван цагийн ялгаварт тарифыг шинээр нэвтрүүлж, оройн оргил цагийн тариф өндөр, өдрийн болон шөнийн цагийн тариф доогуур түвшинд байхаар тогтоосон байна.
Тарифын өөрчлөлттэй холбоотойгоор гэр хорооллын цахилгаанаар халаалтаа шийдсэн өндөр хэрэглээ бүхий айл өрхүүдээс төлбөрийн талаар өргөдөл гомдол ирсний Эрчим хүчний зохицуулах хороо, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн хамтарсан Ажлын хэсгийг томилж, хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр гэр хорооллын айл өрхийн цахилгааны тариф хөнгөлөлт үзүүлэх журамд Засгийн газрын тогтоолоор өөрчлөлт оруулж, хөнгөлөлтөд хамрагдах хугацаа оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд байсныг өглөөний 09.00 цаг болгож гурван цагаар сунгаж, хөнгөлөлтөд хамрагдах сарын хэрэглээний дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Харин дулааны эрчим хүчний шинэчлэгдсэн тарифыг 2025 оны тавдугаар сарын 16- наас мөрдөх байсныг "Олон улсын худалдааны тарифын нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 132 дугаар тогтоолын дагуу 2026 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл хойшлуулаад байна.
Тарифын шинэчлэлийн хүрээнд дээрх эерэг үр дүнгүүд гарч байгаа ч дулааны тариф болон эрчим хүчний тарифын индексжүүлэлт 2025 оны төсвийн жилд хийгдэхгүйгээс төлөвлөсөн засвар шинэчлэл болон урт, богино хугацаат зээлийн эргэн төлөлт, шинээр ашиглалтад орох орон сууцны цахилгаан, дулааны хангамжийг шийдвэрлэх асуудлууд хойшилоход хүрч байна." гэв.