Эрчим хүчний зохицуулах хороо, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран “Хэрэглээнд суурилсан, зах зээлд нийцсэн дулааны төлбөрийн тогтолцоог нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг-зөвлөгөөнийг (2025.06.19) зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний реформын үндэсний хороо, Барилгын хөгжлийн төв, Улаанбаатар хотын захирагчийн алба, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон эрчим хүч, барилгын салбарын төрийн бус байгууллагууд, орон сууц, нийтийн аж ахуйн газар, дулаан түгээх, дулаанаар хангах үйл ажиллагаа компаниудын 150 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Дулааны эрчим хүчийг хэрэглээнд суурилсан төлбөрийн тогтолцоонд шилжихэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, холбогдох барилгын норм, дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэглэгчдийг тоолууржуулах боломж цаашдын үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргав.
Дулаан түгээх, хангах, ашиглалтын үеийн дулаан алдагдлыг бууруулах, барилга байгууламжийг дулаалах, хэрэглэгчдийн дулааны хэрэглээг хэрэглэснээр нь тооцдог болсон нөхцөлд дулааны эрчим хүчний хэмнэлт бий болж, дутагдаж байгаа чадлыг нөхөх, хүлээгдэж буй хэрэглэгчийг дулаанаар хангах боломж бүрдэх аж.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 91 тусгай зөвшөөрөл эзэмшигч 437.6 мянган хэрэглэгчийг төвлөрсөн дулаан хангамжаар хангаж байна. Эдгээр хэрэглэгчийн 30.5 мянга нь аж ахуйн нэгж байгууллага, 407.2 мянга нь айл өрх байна.
Улаанбаатар хотын 343.6 мянган дулаан хэрэглэгчтэй. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь 2024 онд нийт 7.8 сая Гкал дулааны эрчим хүчийг дулааны эх үүсвэрүүдээс худалдаж авсан байна. Үүний 1.3 сая нь дамжуулах, 0.6 сая нь түгээх явцад алдагдаж 5.8сая Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулжээ. Нийслэлийн нийт хэрэглэгчдийн 22.7 хувь буюу 6.2 мянган хэрэглэгч тоолуураар хэмжиж дулааны төлбөр тооцоогоо хийдэг. Энэ нь аж ахуйн нэгж байгууллагуудын 80 орчим хувь нь, айл өрхийн ердөө 0.5 хувь нь буюу 1.5 мянган айл өрх юм.
Тоолуургүй хэрэглэгчдийн задгайгаар худалдан авсан 3 сая Гкал дулааны эрчим хүчнийг хэрэглээнд суурилсан тогтолцоонд шилжүүлэх буюу тоолуур суурилуулах шаардлагатай байгаа аж. Тэгвэл нийслэлийн дулаан хэрэглэгчдийн 171.3 мянгад нь тоолуур, 79.9 мянгад нь аллокатор суурилуулах боломжтой гэнэ. Үүнээс гадна алийг нь ч суурилуулах боломжгүй 69.2 мянган хэрэглэгч байна.
Ийн хэрэглээнд суурилсан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлж, тоолуур суурилуулахад 400 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ.