Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2025.06.20) Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарч буйгаа мэдэгдлээ. Тэрээр Эрчим хүчний яаман дээр (2025.06.19) ажиллаж, салбарын нийт удирдлагуудтай үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд эрчим хүчний салбарт авах зарим арга хэмжээний тогтоолыг баталлаа.
Уг тогтоолоор, “ДЦС-3” ТӨХК-д (2025.06.02) болсон ослын улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн, улсад маш их хэмжээний хохирол учирсан нөхцөл байдлыг нэн яаралтай арилгах шийдвэрлэх зорилгоор зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож байна.
Онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэхийг томиллоо. Бүрэн эрхт төлөөлөгчид хяналт тавих Авилгатай тэмцэх газар,Тагнуулын ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн хяналтын түр бүтцийг ажиллуулах юм.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Шаардлагатай тохиолдолд ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс 80 МВт хүртэлх эрчим хүч импортлох техникийн нөхцөл байдал бүрдсэн. Энэ чиглэлээр гэрээ хэлцэл хийж байна. Эрчим хүчний сайдын хувиар БНХАУ-ын Шанхайн хамтын ажиллагааны байгууллагуудын эрчим хүчний сайд нарын хуралд (2025.06.25) оролцоно. Энэ үеэр тус улсын Эрчим хүчний хорооны дарга, мөн ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзалт хийнэ. Улмаар 2025-2026 оны өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хоёр хөрш орноос найдвартай цахилгаан эрчим хүч импортолж, хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарлахгүй байх бэлтгэлийг хангахаар ажиллаж байна.
2027 оны зургаадугаар сарын 30-наас хойш Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадлын хэмжээ хэрэглээнээс давж, цахилгаан хязгаарлалтыг бүрэн хална” гэж мэдэгдэлдээ онцолжээ.