Дэлхий дахинаа цэвэр, ногоон эрчим хүчний шилжилтэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг хөндөх боллоо. Эрчим хүчний салбарын шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн хувь өндөр боловч цахилгааны дутмаг байдал эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг байна.
Монгол Улсын хувьд мөн адил эрчим хүчний салбарт эрчүүд давамгайлдаг. Эрчим хүчний яамны удирдлагын бүрэлдэхүүн болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн даргын албан тушаалд 100 хувь эрэгтэйчүүд томилогдон ажиллаж байна. Харин яамны хэлтсийн даргын 15.3 хувь, ТӨХК-иудын гүйцэтгэх удирдлагын 12.5 хувь, ТУЗ-ийн гишүүдийн 32.6 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
Тэгвэл Увс аймаг дахь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 44 хувьтай байгаа нь хүйсийн тэнцвэрт байдлыг хангасан сайн жишиг гэж хэлж болох юм.
Эрчим хүчний яамнаас 2021 онд Жендэрийн үндэсний хороонд хүргүүлсэн тайланд “Төрийн нийт 32 үйлдвэр компанийн 11,619 ажилтан албан хаагчийн 8412 буюу 72.3 хувь нь эрэгтэй, 3201 буюу 27.7 хувь нь эмэгтэй” гэжээ. Харин 2022 онд “Эрчим хүчний салбарын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ” судалгаанд хамрагдсан ТӨК-иудын нийт ажиллагсдын 21 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв. Энэ дүнг Олон улсын эрчим хүчний агентлагийн тоон мэдээлэлтэй харьцуулбал ойролцоо түвшинд байна. Тухайлбал, ОУЭХА-ийн гишүүн орнуудын хэмжээнд эмэгтэйчүүд нь уламжлалт эрчим хүчний салбарт 22 хувь, сэргээгдэх эрчим хүчний хувьд 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай үзүүлэлт биш юм.
Мэргэжлийн чиглэлээр нарийвчлан авч үзвэл эрчим хүчний салбар дахь үйлчилгээний чиглэлийн ажилтнуудын дунд эмэгтэйчүүд 40-өөс дээш хувь эзэлдэг бол нарийн мэргэжлийн техникийн ажилтнуудын 83 хувь нь эрэгтэйчүүд байна. Мөн техникийн ажилтнуудын мэргэжлийн зэргийн түвшин хүйсээр ялгаатай. Жишээлбэл, эмэгтэйчүүд зонхилдог ажлын байрны мэргэжлийн зэрэг дээд тал нь 3 хүртэл байхад эрэгтэйчүүд голлодог ажлын байрны мэргэжлийн зэрэг 5-аас дээш байдаг аж. Салбарын хэвийн бус нөхцөлд ажиллагчдын дийлэнх нь эрчүүд бол ажлын байрны дарамтад эмэгтэйчүүд илүү өртдөг байна.
Түүнчлэн эмэгтэй удирдах ажилтнуудын 60 хувь нь доромжлох, нэр төрд халдах дарамтад, 30 хувь нь ялгаварлан гадуурхалтад өртсөн нь эмэгтэй удирдлагыг үл зөвшөөрөх жендэрийн хэвшмэл ойлголтын илрэл юм.
Манай улсад салбарын боловсон хүчин бэлтгэх тухайд 2023-2024 оны хичээлийн жилд техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагад эрчим хүчний чиглэлээр 226 оюутан суралцсаны 15.4 хувийг эмэгтэй оюутан эзэлж байжээ. Харин ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд шинээр элсэгч эмэгтэй оюутны хувь төгсөгчдийнхөөс бага төдийгүй тус сургуулийн зүгээс охидын элсэлтийг дэмжсэн ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлдэггүй байна.
Эдгээр тоон мэдээллүүд эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг илэрхийлнэ. Гэхдээ салбарын байгууллагууд хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамдаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухайд хэмээн “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр эмэгтэйчүүдийг шагнаж, эх үрсийн баяраар ажилтнуудынхаа хүүхдийг урамшуулах” зэргийг тусгадаг. Аж ахуйн нэгж, байгууллагын ердөө 22.2 хувь нь “хүүхэд асрах чөлөө”-г эцэг эхийн хэн нь ч авч болох боломжийг бүрдүүлсэн нөхцөл байдалтай байна.
Хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээ хүйсээсээ хамааран өөр өөр байдаг аж. Тухайлбал, 380 вольтын цахилгааны хүчдэлээр эрэгтэй тэргүүнтэй өрхийн 3.8 хувь нь эрчим хүчний хэрэглээгээ хангадаг. Харин эмэгтэй тэргүүнтэй өрх зөвхөн 220 вольтын эрчим хүч ашигладаг байна. Мөн сарын эрчим хүчний хэрэглээндээ эрэгтэй тэргүүнтэй өрх дунджаар 10,531 төгрөг илүү зарцуулдаг. Түүнчлэн эмэгтэй удирдлагууд байгууллагаа дулааны нэгдсэн сүлжээнд холбохыг илүүд үздэг бол эрэгтэй удирдлагууд олон эх үүсвэрээр халаалтаа шийджээ.
Хачирхалтай нь эрчим хүчний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хүйсээс шалтгаалан өдөр тутмынх нь амьдралд үзүүлэх нөлөө ялгаатай байна. Улаанбаатар хотын охид, эмэгтэйчүүдийн хоол хийж, гэр цэвэрлэхдээ зарцуулж буй дундаж цаг эрэгтэйчүүдийнхээс 14 хувиар, охидынх хөвгүүдээс 36 хувиар өндөр болохыг тогтоожээ. Гэвч цахилгааны дутмаг, чанаргүй байдал охид, эмэгтэйчүүдийн хоол хийх хугацааг 30 минутаар уртасгадаг гэх үр дүнг “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслийн Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн суурь судалгаа”-наас харж болно.
Эрчим хүчний салбарын эмэгтэй ажилчдын хувийн жинг нэмэх, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь хангахад сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл чухал үүрэгтэй. Учир нь хөдөлмөр хөнгөвчлөх, ухаалаг удирдлагын систем нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах боломж арвин. Цаашлаад сэргээгдэх эрчим хүчний шилжилт гэр хорооллын иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралын чанарт сайнаар нөлөөлөх эерэг дүр зурагтай байна.
Салбарын яам 2024 онд эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэнэ. Улмаар энэ салбарт ажиллах мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын элсэгчдийн жендэрийн тэгш байдлыг хангуулах зэргээр шат дараатай ажлууд төлөвлөснийг ЭХЯ ны Төрийн захиргааны удирдлагын албаны Жендэр хариуцсан шинжээч Д.Оюунчимэг ярьжээ.
Эрчим хүчний салбар дахь жендэрийн тухай ойлголт, тэгш эрхийн харьцаа, энэ чиглэлийн судалгаа шинжилгээнд ашиглах баримт материал хангалтгүй байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хороо “цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар” хэмээн багцлан тооцоолдог. Тиймээс энэхүү мэдээллийг зөвхөн эрчим хүчний салбарын статистик гэж үзэх боломжгүй тул энэхүү нийтлэлдээ ЭХЯ болон Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооноос 2022 онд хийсэн “Эрчим хүчний салбарын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ” судалгааны баримт материалуудыг чиг болголоо.
"Энержи Инсайт" сэтгүүлийн 003, 004 дүгээр дугаарын 48-49 нүүр.