Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2025.08.18) Төрийн ордонд боллоо. Тус хуралдаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ, "Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийн шуурхай зохицуулах ажлын хэсгийг ЭХЯ-нд томилон ажиллуулж байна.
2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ДЦС-уудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 27, бэлтгэлд 18, 24 зууханд засварын ажил хийгдэж байна.
Мөн 49 турбогенератороос ажилд 24, бэлтгэлд ес, 16 турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн явагдаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд
Их засварт 759 нэр төрлийн ажилд 154.9 тэрбум төгрөг,
Техник зохион байгуулалтын арга хэмжээнд 436 нэр төрлийн ажилд 91.6 тэрбум төгрөг,
Хөрөнгө оруулалтын 598 төрлийн ажилд 185.5 тэрбум төгрөг, нийт 1793 ажилд 432.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дунджаар 64 хувийн гүйцэтгэлтэй байна.
2025-2026 оны өвлийн их ачааллын үед оргил ачаалал 12 дугаар сард 1800 МВт хүрэх тооцооллыг гаргасан. Үүнээс
- Дотоодын эх үүсвэрүүдээс 1197 МВт,
- Батарей хуримтлуураас 160 МВт,
- Салхин станцаас 30 МВт,
- Импортоор 300 МВт тус тус хангаж, 113 МВт-ын хөнгөлөлт хязгаарлалт хийхээр байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай хоёрдугаар блокийг 12 дугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөн ажиллаж байна. Тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийгдэхгүй болно.
Өвлийн оргил ачааллын үеэр нүүрсний 15 хоногийн аюулгүй нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төвийн станцын нүүрсний бүрдүүлэлт төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байна. Нийт 372. 9 мянган тонн нүүрс, 2000 тонн мазутын нөөцтэй байна.
Харин Зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж буй "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн нүүрсний нөөц бүрдүүлэлт тасарсан. Энэ нь тус станцад нүүрс нийлүүлэгч "МАК" ХХК нүүрс худалдах, худалдан авах гэрээг шинэчилж, нүүрсний үнийг нэмэгдүүлэн, ЭХЗХ-ноос тогтоол авах хүсэлттэй холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт тасраад байна.
Улаанбаатарын хотын 2025-2026 оны өвлийн оргил ачааллын үед нийт 31,158 тн/цаг сүлжээний усыг халааж, 2060.2 Гкал/цаг дулааны ачаалалд ажиллахаар байна. Үүнээс
ДЦС-2 964 тн/цаг буюу 62.9 Гкал/цаг,
ДЦС-3 8452 тн/цаг буюу 560 Гкал/цаг,
Амгалан ДС 5583 тн/цаг буюу 367.3 Гкал/цаг,
ДЦС-4 16,159 тн/цаг буюу 1070 Гкал/цагийн ачаалалттай тус тус ажиллахаар байна.
"ДЦС-3" ТӨХК-ийн дулааны ачааллыг нэмэгдүүлэхээр дулаанжуулалтын тоноглолт өргөтгөл шинэчлэлтийн ажил, мөн ДЦС-3-аас ачааллыг ДЦС-4 шилжүүлж, схемийг өөрчлөх ажил хийгдэж энэ өвлийн горимд ажиллана.
Цаашид авах арга хэмжээний санал
- "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн нүүрсний нийлүүлэлтийн асуудлаар ЭХЗХ тарифыг дахин хянаж, зөвшилцөлд хүрэх,
- Эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн ЦС-ын хоёрдугаар блокийг 2025 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт ажиллагаанд залгах,
- БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох чадварыг бүрдүүлэх 220 кВ-ын хуваарилах байгууламжийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний дотор өндөр хүчдэлд залгах,
- Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах, их засварын хөрөнгө оруулалтын ажлуудыг цаг хугацаанд нь чанартай хийж дуусгах зэрэг ажлуудыг тус тус зохион байгуулж ажиллахаар байна" гэв.