E-Sight
Дулааны V станцыг “Митайм Интернэйшнл” компани барина

Дулааны V станцыг “Митайм Интернэйшнл” компани барина

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “ДЦС-5” төслийн түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийн тендэрийг зарласан. Шалгаруулалтад дотоод, гадаадын 4 аж ахуйн нэгж албан ёсоор саналаа ирүүлснээс “Митайм Интернэйшнл” ХХК шалгарчээ. 

Төслийн хүрээнд 300 МВт цахилгаан эрчим хүч, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх станц барина. Улаанбаатар хотын баруун бүсийг, ойролцоогоор 40 мянган айл өрхийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах зориулалттай юм. Уг станцыг IV ДЦС-ын үнсэн сангийн талбайд барина. Станцын байршлыг тээвэр, логистик, дулааны магистральд тулгуурлан сонгожээ. 

Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэл” ХХК-ийн захирал З.Батырбек мэдээлэл өглөө. Тэрээр, хэлэхдээ “Улаанбаатар хотод 1985 оноос V ДЦС барих асуудал яригдаж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 41 жилийн дараа төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч 658.6 сая ам.долларын төсөвт өртөгтэй төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Нийт 24 сарын дотор барилга, байгууламж баригдаж, 6 сарын хугацаанд туршилт хийж, нийт 30 сарын дараа хүлээлгэж өгөх ТЭЗҮ бичигдсэн. Энэ талаар “Митайм Интернэшнл” ХХК болон хоёрдугаар байрт шалгарсан компаниудын хооронд одоо хэлцэл хийгдэнэ. Тендэрийн үйл явц урьдчилсан шинжилгээ, бүрэн шинжилгээ, дараагийн шатны процесс, уралдаант шалгаруулалтын түвшинд явагдсан гэдгийг тодотгож хэлмээр байна. Эдийн засаг тэлэх гол үндэс нь дулаан, цахилгааны эрчим хүч байдаг. Үүнийг шийдэж чадснаар Улаанбаатар хотын эдийн засаг тэлэх боломжтой” гэв.