E-Sight
ТӨК-иудын алдагдлын 89 хувь эрчим хүчний салбарт хамаарч байна

ТӨК-иудын алдагдлын 89 хувь эрчим хүчний салбарт хамаарч байна

“Эрчим хүчний реформын нээлттэй хэлэлцүүлэг”-ийг УИХ дахь Эрчим хүчний реформыг дэмжих бүлэг Төрийн ордонд зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, салбарын байгууллагууд болон иргэд, олон нийтийн төлөөөлөл оролцсон юм. 

Энэ үеэр эрчим хүчний салбарын бодлогын хэсэгт өнөөгийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, чадлын дутагдал, нөөц бололцоо, шийдэл, ТӨК-иудын менежмент, “Эрчист Монгол” компанийн танилцуулга, үйл ажиллагааны талаар илтгэлүүд танилцуулсан. 

Тэгвэл хувийн хэвшлийн оролцооны бүлэгт нийслэлийн утааны шийдэл, гэр байшингийн дулаалга, тархмал эх үүсвэр буюу сэргээгдэх эрчим хүч, хэрэглэгч төвтэй менежмент ба технологийн шийдлүүд, эрчим хүчний реформын хэрэгжилт, үр дүнг хэлэлцүүллээ. 

Сүүлийн хэсэгт эрчим хүчний шилжилт ба эрх зүйн шинэчлэл, дулааны хуулийн үзэл баримтлалыг танилцуулав. 

Эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлуудтай танилцах, эрчим хүчний реформын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөг сонсох зорилготой хэлэлцүүлгийн үеэр дурдагдсан онцлох тоо баримт, ишлэлүүдийг онцолъё. 

  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 65 хувьтай байна. 
  • Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун: Цахилгааны үнэ өртөгтөө хүрснээр хэд хэдэн эерэг үр дүн үзүүлсэн. Тухайлбал, нүүрсний уурхай, төмөр замын тээврийн салбарт алдагдалгүй болсон, эрчим хүчний (цахилгаан) салбар улсын төсвийн татаасгүй боллоо. Мөн ажиллагсдын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, цахилгааны тарифыг индексжүүлэх суурь нөхцөл бүрдсэн. 
  • “Тэнгэр капитал ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга О.Лхагвасүрэн: Уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарт ТӨК-ийн эзлэх орон зай давамгай. Хамгийн өндөр алдагдалтай нь эрчим хүчний салбар бөгөөд нийт 99 ТӨК-ийн алдагдлын 89 хувь ногдож байна. 
  • “Эрчист Монгол” ТӨК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин: Эрчим хүчний салбарын 27 компани “Эрчист Монгол”-д харьяалагдаж байгаа. Одоогийн байдлаар 6 компани 100 хувь шилжсэн, 11 компанийг Засгийн газрын тогтоолоор албан ёсоор шилжүүлнэ. Санхүүгийн нөхцөл байдал маш хүнд байна. Төрийн өмчийн компаниудыг зах зээлийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй. Салбарын яамтай хамтарч реформыг хийхээс өөр арга байхгүй. Засаглал, санхүү, хөрөнгө оруулалтыг хариуцаад явна гэдэг дээр яамтайгаа зөвшилцөлд хүрсэн.