Барилгын гадна фасад, дээвэр, цонхыг нарны эрчим хүч үйлдвэрлэдэг шилээр орлуулдаг шийдэл бүхий BIPV технологийг “BIB discovery” компани Монголд нэвтрүүлжээ. Building Integrated Photovoltaics (BIPV) нь эрчим хүч төдийгүй барилгын салбарт инновацийг нэвтрүүлж буй сүүлийн үеийн шинэ технологи юм.
BIPV технологиор бүтсэн 160*120 буюу 1.92 м2 хэмжээтэй 1 шилэн хавтан дунджаар 1 кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх чадалтай. Ингэхдээ нарны эрчим хүчний долдугаар үеийн технологиор ажиллах аж. Түүнчлэн материалын үйлдвэрийн баталгаат хугацаа 25 жил төдийгүй 300 гаруй төрлийн өнгөний сонголттой байна. Мөн энэ оны аравдугаар сараас BIPV технологитой барилгын материалд ногоон зээл олгох боломж бүрдэх гэнэ.
Тус системийг хэрэглээндээ нэвтрүүлсэн айл өрх, аж ахуйн нэгж өөрийн хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэх on-grid систем гэдгээрээ давуу талтай.
Ингэснээр өсөн нэмэгдэж буй хэрэглээг гүйцэхгүй чадлын дутагдалтай байгаа манай улсын өнөөгийн нөхцөлд сэргээгдэх эрчим хүчний хараат бус, бие даасан эх үүсвэртэй хэрэглэгч болох боломж бүрдэж байна. Тус систем агаарын бохирдлыг бууруулах, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах эерэг нөлөөтэйгөөс гадна дулаан тусгаарлалтын чанараар нэмэлт түлш, дулааны хэрэглээг бууруулдаг байна.
Энэхүү системийн showroom буюу загварыг Улсын драмын эрдмийн театрын задгай талбайд танилцуулж байгаа юм.