E-Sight
Цэций салхин цахилгаан станц 8 нас хүрлээ

Цэций салхин цахилгаан станц 8 нас хүрлээ

Говийн бүс нутагт баригдсан анхны салхин цахилгаан станц “Цэций” 2017 оны аравдугаар сарын 6-ны өдөр албан ёсоор ашиглалтад орж нээлтээ хийжээ. Нийт 50 МВт суурилагдсан хүчин чадалтай Дани улсын Вестас компанийн V110-2.0 МВт загварын 25 ширхэг салхин турбин генератораар тоноглогдсон. Турбины өндөр нь 85 метр бол далбааны урт 54 метр, жин нь 10 тонн аж. 

Цэций СЦС 8 жилийн хугацаанд 1,324 сая кВт.цаг цэвэр эрчим хүчийг үйлдвэрлэж ТБНС-д нийлүүлсэн байна. Нэгдсэн сүлжээний 2024 оны оргил ачааллын 3 хувийг 49.2 МВт чадлаар хаажээ.

Уг станц жилд дунджаар 170 сая кВт.цаг эрчим хүчийг сүлжээнд нийлүүлдэг байна. Тэгвэл 2023 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 1 дэх тэрбум кВт.цаг эрчим хүчээ нийлүүлж байжээ. 

Ашиглалтад орсноос хойш 1.2 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, 12.8 сая тонн усыг хэмнэсэн байна. 

“Клин энержи Ази” ХХК нь ЖАЙКА, ЕСБХБ-ны нийт 120.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтээн боссон Цэций станц Улаанбаатар хотоос 542 км, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 22 км зайд байрладаг. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 32.5 км урттай 110 кВ хоёр хэлхээт дамжуулах шугамаар “Тавантолгой” дэд станцад нийлүүлдэг.