Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгээс “Монгол Улсын эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх: боломж ба эрсдэл” сэдэвт эмхэтгэлийг хэвлэн гаргалаа. Энэ бүтээлийг Б.Алтанхүү, Т.Мөнгөншатар нар эмхэтгэсэн бол Ж.Мэндээ, С.Буянхишиг нар редакторласан байна. Тус эмхэтгэл дараах 6 бүлгээс бүрджээ. Үүнд,
- Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавхын стратеги, бодлогын чиглэл
- Кэйс судалгаа: Эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавхыг хангаж буй байдал
- Шинжээчийн ярилцлага: Эрчм хүчний сөрөн тэсвэрлэх чадавх ба аюулгүй байдал
- Технологи ба эрчим хүчний үйлдвэрлэлийн чиг хандлага
- Зүүн Хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний геополитик, эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавх
- Тоо баримт, чиг хандлага
Түүнчлэн “Энержи Инсайт” сэтгүүл хамтран ажиллаж “Уур амьсгалын өөрчлөлт ба эрчим хүчний эрэлт”, “Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийн шинэчлэлийн шаардлага” нийтлэлүүдийг хэвлүүллээ.
Эмхэтгэлийн өмнөх үгт Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Ж.Мэндээ “Энэхүү эмхэтгэл нь 2014 оноос зохион байгуулж буй Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлаас улбаатайгаар НҮБ-ын Ази, Номхон далайн Нийгэм, Эдийн засгийн комисс болон Стратеги судалгааны хүрээлэнгийн хамтын ажиллагааны үргэлжлэл юм.
Монгол Улс нь бусад олон хөгжиж буй орны адил геополотикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюул занал, технологийн хурдацтай хөгжил зэрэг адилхан сорилттой тулгарч байна. Тиймээс бид салбар бүрийн мэргэжилтнүүдийг урьж, Монгол Улсын эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавхын талаар үзэл бодол, мэдлэг, туршлагаа хуваалцах боломжийг бүрдүүлсэн. Энд дурдсан асуудлын олонх нь зөвхөн Монголд бус, өргөн хүрээнд хамааралтай эрчим хүчний сөрөн тэсвэрлэх чадавхыг олон өнцгөөс авч үзэх, бодлогын боломжит хувилбаруудыг ярилцахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Эмхэтгэл нь цаашдын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын салбар хурадаан болон дараа дараагийн сургалтын хөтөлбөрт суурь мэдээлэл болохын зэрэгцээ нотолгоонд суурилсан бодлогын хэлэлцүүлгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын шийдвэрт дэмжлэг үзүүлэх, техникийн шинэчлэлийг чиглүүлэх замаар Монгол Улсын эрчим хүчний урт хугацааны сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.” гэдгийг онцолжээ.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” 10 дахь удаагийн олон улсын бага хурлыг 2025 онд зохион байгуулах үеэр зөвхөн бүс нутгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлын хүрээнд ч хамтран ажиллах зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгаа талаар харилцан санал, солилцсон байна.