Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр (2025.10.15) хэвлэлийн хурлаар дараах агуулгын хүрээнд мэдээлэл хийлээ.
Нэгт, салбарын техник технологийн хуучралд элэгдэл гэмтэлтэй холбоотой үйлдвэрлэлийн ослууд ар араасаа гарсаар байна.
Хоёрт, “Ажилтнаа сонсъё” хэмээх салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөнийг зохион байгуулсан.
Гуравт, салбарт өрнөж байгаа цомхотгол, бүтцийн өөрчлөлт
Дөрөвт, 2026 онд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс нэмэгдэхгүй байх нөхцөл байдал үүсээд байна.
Энэхүү хэвлэлийн хуралд холбооны гишүүн байгууллагууд болох III, IV ДЦС, Амгалангийн дулааны станц, дулааны сүлжээ зэрэг эрчим хүчний салбарын ТӨК-ийн ҮЭХ-ный дарга нар оролцов.
САЛБАРТ ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУТАГДАЛД ОРЖ, АЖИЛЛАХ ХҮНГҮЙ БОЛООД БАЙХАД ТӨР ЗАСАГ ЦОМХОТГОЁ ГЭХ
Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбооны даргын үүргийг түр гүйцэтгэгч, ЕНБД А.Дагвадорж:
Ерөөсөө манай төр засаг, ялангуяа салбарын удирдлагууд, сайд маш “дүлий” байгаа.Ажилтнуудын төлөөлөлтэй нэг ч удаа уулзаагүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үеийн Б.Чойжилсүрэн нь мэргэжлийн бус сайд. Одоогийн Засгийн газар энэ хүнийг эрчим хүчний сайдаар ажиллуулмааргүй байна гэдэг шаардлагыг манай холбооны зүгээс өмнө нь хэвлэлийн хурлаар тавьсан. Гэвч шинэ Засгийн газарт дахиад ороод ирсэн.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Тэвчээрийн тог тасарлаа” хэмээх эрчим хүчний ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөнийг (2023.09.28) зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнөөр салбарын ажилтнуудын “тэвчээр тасрах гээд байна шүү, үүнийг авч үзээрэй” гэдэг байдлаар дуу хоолойгоо өргөсөн. Хоёр жилийн өмнө ажилтнуудын цалин тодорхой хэмжээний бага байсан. Зөвлөгөөний үр дүнд ямар ч байсан цалин 30-40 хувиар нэмэгдсэн.
Тэгвэл “За ажилтнаа сонсъё” хэмээн зөвлөгөөнийг (2025.10.09) зохион байгууллаа. Асуудлаа ажилтнууд дотроо хэлэлцээд, ямар асуудал байгааг эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлж байна. Зөвлөгөөнд 21 аймгийн эрчим хүчний салбарын нийт 17 мянган ажилтнуудыг төлөөлж 170 ажилтан оролцсон. Тус зөвлөгөөнд ЭХЯ, ТӨБЗГ, ЭХЗХ, “Эрчист Монгол” компани, ХНХЯ зэрэг холбогдох газруудыг урьж, ажилтнуудын, салбарын асуудлыг сонсооч ээ гэсэн урилга хүргүүлсэн боловч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЭХЯ-ны ТНБД ирээгүй. “Эрчист Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин татгалзсан. “Эрчист Монгол” гэдэг компани гэж хаана ямар барилгад, хэчнээн хүн байдаг нь мэдэгдэхгүй. Хайж байж олж урилга хүргүүлсэн ч зөвлөгөөнд оролцоогүй.
Эрчим хүчний салбарын өнөөгийн байдлыг бүгд мэдэж байгаа. Баталгаатай ажлын байр байхгүй. Эрчим хүчний салбарын реформ гэдэг Үндэсний хороо, эсвэл компани байгуулаад шийдэгддэг асуудал биш. Энэ бол өмнөх Засгийн газрын ХЭГ-ын даргаар Н.Учрал ажиллаж байх үед алдаатай шийдвэр байсан. Реформ гэдэг хууль эрх зүйн шинэчлэлээс эхэлнэ. 2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хууль өнөөдөр энэ салбарыг зохицуулах боломжгүй болчихсон. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, хуулийн Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг зөвлөгөөнд ирж, хуулийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлэн, танилцуулга хийсэнд талархал илэрхийлье.
Яг одоо эрчим хүчний салбарт цомхотголын асуудал яригдаж байна. Хүний нөөц нөөцийн дутагдалд орж, ажиллах хүнгүй болоод байгаа талаар бид энд “орилоод” байдаг. Гэтэл тэнд цомхотгоё гэдэг юм яригдаад байна. ЭХЯ-наас Засгийн газрын тогтоолын дагуу эрчим хүчний салбарын төрийн өмчит аж ахуйн нэгжүүд рүү алба албан бичиг хүргүүлсэн. Энэ нь цомхотгол, бүтцийн өөрчлөлттэй холбоотой аж ахуйн нэгжүүдийг саналаа ирүүл гэсэн асуудал тавьсан. Үүний зэрэгцээ “Эрчист Монгол” компаниас чиглэл ирүүлсэн нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгох.
Тэгтэл III ДЦС осол гарсантай холбоотойгоор БНМАУ-ын 1991 оны хуулиар 3 сарын хугацаатай онцгой байдал зарлачихсан. Тухайн хуулиар, онцгой байдал зарласан үед “ердийн хууль тогтоомжийг хэрэглэхгүй” гэсэн зохицуулалттай. Тэнд ҮЭХ-нд 50 ажилтныг цомхотгох албан бичиг хүргүүлсэн. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бөөнөөр халах үеийн зохицуулалт хамаарна. Ийм тохиолдолд Үйлдвэрчний эвлэлтэй зөвшилцөн, цомхотголд өртөж буй ажилтнуудын дараагийн ажлын байр, нийгмийн хамгааллын асуудал тэтгэмжийг яах вэ гэдгийг хоорондоо хэлэлцэж, гэрээ байгуулах ёстой. Үүнээс зайлсхийж, дараа нь 35, 15 болгоод, Засгийн газраас томилогдсон БЭТ нь албан бичиг хүргүүлэн 1, 1-ээр дуудаж тушаал гаргаж байгаа нь хуулийн зөрчил.
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ҮНДЭСЛЭЛТЭЙ, ШУДАРГА, НЭЭЛТТЭЙ БАЙДЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
III ДЦС-ын ҮЭХ-ны дарга Ш.Энхсаран:
Манай компанийн нэр сүүлийн үед голдуу саар зүйл дээр дурдагдаад байгаад харамсалтай. Харамсалтай ч, энэ бол бодит үнэн. Үүнийг өөрчлөхийн тулд бид нар асуудлаа нээлттэй ил тод ярилцах ёстой гэж үзэж байна. Энэ өвлийн ачааллыг амжилттай давахын тулд манай хамт олон өдөр шөнөгүй, амралтгүй, илүү цагаар ажиллаж байгааг энд дурдах хэрэгтэй.
Засгийн газрын шийдвэрийн дагуу, шат дараалан байгууллагууд дээр бүтцийг өөрчлөх, орон тоо цомхотгох албан даалгаврууд өгөгдөөд, ажлын төлөвлөгөө гараад үүнийхээ хэрэгжилтийг шахаад, шаардаад явж байгаа. Одоо онц байдал зарласан, өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл байдалд байна. Засгийн газраас БЭТ томилогдсон. Бүтэц орон тооны өөрчлөлттэй холбоотой манай компанийн орон тоо бүтцийг хэд хэдэн удаа өөрчилж батлагдаад байгаа юм. Харамсалтай нь, орон тооны бүтэц ингэж батлагдсан. Ямар өөрчлөлт орсон талаар албан ёсоор ажилтанд, Үйлдвэрчний эвлэлд ч тэр албан ёсоор нэг ч удаа танилцуулаагүй. Тушаал шийдвэрээ ирүүлээч гэхээр ирүүлдэггүй. Уг нь компанийн эдийн засгийн нөхцөлийг сайжруулахад бүтэц, орон тоог оновчтой болгох, ажлын ачааллыг жигд хуваарилах зорилготой гэж ойлгож байгаа. Гэвч өнөөдөр бодит байдал бол арай өөр чиглэлээр явж байна. Станц бол маш онцгой байгууллага. Тасралтгүй үйл ажиллагаатай, үүрэг хариуцлага ихтэй, маш хүнд орчинд ажилладаг.
Тиймээс хүний нөөцийн асуудалд хандахдаа үндэслэл байх ёстой, тодорхой тооцоолол байх ёстой. Ажилтнуудын санал бодлыг сонсох хэрэгтэй. Нээлттэй, ил тод хэрэгжүүлэх ёстой. Бидний зүгээс, Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөхгүй ажиллаж байна гэж үзэж байна.
Бид бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа юм биш. Харин үндэслэлтэй, шударга, нээлттэй байдлаар хэрэгжүүлэхийг уриалж, хүсэж байнгаа юм.
“ЭРЧИСТ МОНГОЛ” ГЭЭД ЭНЭ ТОМ КОМПАНИЙН ДАРАМТЫГ АЖИЛЧИД ДИЙЛЭХГҮЙ БОЛЖ БАЙНА
IV ДЦС-ын ҮЭХ-ны дарга Ж.Энхзул:
Засгийн газрын 2025 оны наймдугаар сарын 27-ны “Төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаа засаглалыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсан. Энэ тогтоолыг үндэслээд “Эрчист Монгол” компаниас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд ажилтнуудын 10 хувийн цомхотгол, захиргааны зардлын 15 хувийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Захиргааны зардал гэдэгт цалингийн зардал орчхож байгаа юм. Тэгээд 10 хувийн цомхотгол гэсэн энэ тоог Засгийн газраас тогтоолыг тогтоохдоо ямар тооцоололд үндэслэсэн бэ? “Эрчист Монгол” компани үнэхээр мэргэжлийн түвшинд менежмент хэрэгжүүлэх юм уу. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангахдаа ТӨХК-удын 66 хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигчидтэйгээ зөвшилцөөгүй. Өөрөөр хэлбэл Компанийн засаглалын тухай хуулийг зөрчиж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн зөвшилцөл хурал болоогүй. Хэрэв Засгийн газраас гарсан тогтоолыг хэрэгжүүлэх замаар менежмент хийх юм бол менежментийн компани гэж тусдаа байгуулах хэрэгтэй юу. “Эрчист Монгол” үнэхээр компани болгон дээр тодорхой тоо хэмжээгээр ажлын байрны чиг үүргийн давхардал арилгах бол яг аль чиг үүрэг дээр хаана давхардаад байгаа, алдагдлын дүн шинжилгээ үнэлгээний баримт бичиг, мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа эсэхийг үндэслэж ТУЗ дээр танилцуулж, хэлэлцэх учиртай. Ингэж мэргэжлийн түвшинд ажиллаж чадахгүй бол өнөөгийн нөхцөл байдал нь төрөөс ирж байгаа дарамт. Зөвхөн эрчим хүчний салбар бус улс орон даяар төрийн өмчтэй компаниуд дээр хуулиа зөрчиж тогтоол гаргах замаар хэрэгжүүлж, энэ ачааг нь ажилчид олон жил үүрч ирсэн. Одоо “Эрчист Монгол” гээд энэ том компанийн дарамтыг ажилчид дийлэхгүй болж байна.
Одоо манай станцтай 2.5 тэрбум төгрөгийн төлбөртэй менежментийн гэрээ хийнэ гэж байгаа. Тэгэхээр энэ чинь үр ашиг мөн үү? Тэгэхээр бид нар үр ашиг гэдгээ эхлээд ойлгох хэрэгтэй байна. Энэ үр ашгийг яаж хэрэгжүүлэх талаар ЭХЯ-наас бодлогын бичиг баримт гаргах хэрэгтэй. Ямар менежментээр, стандарт арга зүйгээр, ямар үйл ажиллагаа явуулж үр ашгууд гаргах гээд байгаа юм.
Ажилчдын цалин, нийгэм хангамжийн зардал бүгдээрээ нийгмийн үр ашиг гээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ бол алдагдал биш юм. Ажилтнууд гэр бүлээ, эцэг
эхээ, үр хүүхдүүдээ тэжээх гээд цалин орлого олж байгаа. Өөрөөр хэлбэл нийгэмд очиж байгаа үр ашиг.
Ер нь улс төрийн нөлөөллөөр, ямар нэгэн үр ашиг гарах гэхээсээ илүү хууль зөрчиж маш их тогтоолууд гардаг. Ийм байдлыг ил тод ингэж илэрхийлэхээр би энд зорьж ирсэн.
ТӨР ЗАСАГ ЭНЭ САЛБАРЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ БУС ЦАЛИН МӨНГӨ ТАНАХ, ЦОМХОТГОХ Л АСУУДАЛ ЯРЬЖ БАЙНА
МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат
Эрчим хүчний салбарын аюулгүй ажиллагаа өдрөөс өдөрт харанга дэлдэж байгаа. Төр засаг, ЭХЯ анхаарах цаг болжээ. Энэ оны зургаадугаар сард ДЦС-д том осол болж хүний амь эрсэдсэн. Тэр шалтгаанаар тухайн станц дээр онц байдал, салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Энэ үед яах ёстой вэ гэвэл салбарын аюулгүй ажиллагаа сайжрах ёстой. Боловсон хүчний чадавхыг сайжруулах арга хэмжээ авах ёстой. Нэг ч ийм асуудал алга. Уг ослоос хойш манай салбарт, тухайн станц дээр, бусад ДЦС-ууд, дамжуулах түгээх сүлжээнүүд дээр осол аваар гарсаар байна. Одоо энийг зогсоох цаг болжээ. Энд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх цаг болсон.
Салбарын сайд байсан, ТНБД байсан, одоо Засгийн газрын БЭТ-өөр томилогдсон хүн өнөөдөр “III ДЦС дээр тоноглолоос шалтгаалсан гэмтэл гарсныг та бүхэн асуудал болгож дэвэргэх хэрэггүй. Энэ ослын талаар олон нийтэд мэдээлсэн ажилтан, албан хаагчийг хариуцлага тооцно” гээд мэдэгдэл хийж байгаад үнэхээр харамсалтай. Уг нь салбарын
аюулгүй ажиллагааг ярих ёстой, хамгийн сайн мэдэх ёстой албан тушаалтан хүн. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Дархан салбарт хүний амь нас эрсэдсэн, одоогийн байдлаар дүгнэлт нь гараагүй байна. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь нас эрсэдсэн. Ачаалал өндөр энэ салбар хөдөлмөрийн нөхцөл хүнд. Нийт ажилтнуудын 80 хувь хөдөлмөрийн хүнд, халуун нөхцөлд ажилладаг. Ийм салбарт ажиллаж байгаа хүн өнөөдөр гэрээсээ өглөө гараад орой гэртээ амьд мэнд очих баталгаагүй болсон байна. Гэтэл төр засаг энэ салбарын аюулгүй ажиллагааг ярих биш цалин мөнгө хасах танах, цомхотгох ийм л асуудал ярьж байна.
Хоёрт, салбарын цалин хөлсийг ярихгүй бол болохгүй болсон. 2026 онд цалин хөлс нэмэх боломжгүй гэдэг чиглэлийг компанийн удирдлагуудад ЭХЯ-наас, холбогдох байгууллагуудаас өгч байна. Салбарын чуулганаар оролцсон төлөөлөгчдөөс бид санал авсан. Нийт ажилтнуудын 50 хувь нь 2 сая хүртэл төгрөгийн цалинтай, 33 хувь нь 2- 3 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна. Өнөөдөр энэ салбарын ажилтнууд ихэнх нь олон жил ажилласан. Ахмад хүмүүс ч бий. Шинээр ажилд орж байгаа залуу хүмүүсийн цалин маш бага, сая гаруй төгрөг. Ийм байдалд салбарын ирээдүйн боловсон хүчний, хүний нөөцийн баталгаа хангагдах боломжгүй юм.
Гэтэл Засгийн газрын 132 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор дулааны үнэ тарифыг нэмээгүй. Улмаар цалин нэмэх боломжгүй гэсэн. Энэ алдагдлыг, цалингийн зөрүүг төсөвт суулгах ёстой. Яагаад ажилтан салбарын алдагдлыг үүрэх
ёстой юм бэ.
Өнөөдөр Эрчим хүчний сайдын зөвлөлд манай холбооны төлөөлөл байхгүй. Тэнд ямар нэгэн байдлаар ажилтнуудын асуудал яригддаггүй гэсэн үг. Тиймээс Засгийн газрын 370 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгохыг шаардаж байна.
Гуравт, “Эрчист Монгол” компанийг татан буулга. Салбарт нэмэр болж буй зүйл алга байна. Хамгийн гол асуудал нь Засгийн газрын хурлын тэмдэглэлээр томилсон менежерүүд юм. Энэ менежерүүд хяналт тавих нөхцөл байдал одоо бол алга. Байгуулагдаа 20-30 жил ажиллаж 2-3 сая цалин авч байгаа хүмүүсийн дэргэд гаднаас ирсэн менежер 5-6 сая төгрөгийн цалин аваад, ажлын байртай, машин тэрэгтэй, ийм хангамж эдлээд байж байгаа нь зохисгүй.
Эрчим хүчний салбарын компаниудын засаглалыг нээлттэй болгож, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. ЭХЗХ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж үнэ тариф, үйлдвэрлэл, дулаан түгээх, хангахтай холбоотой шийдвэрээ гаргаж ажиллах хэрэгтэй.