Монгол Улсын цахилгаан эрчим хүчний үйлчилгээний найдвартай, аюулгүй байдал, дэд бүтцийг сайжруулах, нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний шилжилтийг дэмжих “Эрчим хүч-4” төслийг Дэлхийн банкнаас (2025.10.22) баталлаа.
Төслийн хүрээнд одоогийн Мандал дэд станцаас Өвөрхангай шинэ дэд станц хооронд 220 кВ хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, Мандалговь, Арвайхээр, Баянхонгор дэд станцын өргөтгөл, дэд станц хоорондын 110 кВ хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг тус тус гүйцэтгэнэ.
Дамжуулах шугамыг 590 МВт хүчин чадлаар нэмэгдүүлснээр эрчим хүчний тасалдал 50 хувиар буурах, цахилгаан эрчим хүчний системд 150 МВт хүчин чадалтай нар, салхины эх үүсвэр холбох боломж бүрдэх аж. Ингэснээр төвийн болон баруун бүсийн 200 мянга орчим оршин суугч найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдана.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли “Энэхүү шинэ төсөл Монгол Улсын нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжлийн зорилгыг хангахын зэрэгцээ эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлнэ” гэдгийг онцолжээ.
“Эрчим хүч-4” төслийг Дэлхийн банк группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 78 сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Төсөл нь Дэлхийн банкны тогтвортой эрчим хүчний шилжилтийг хурдасгах хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Зүүн Ази, Номхон далайн бүсийн зарим улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчний системд эрчим хүчний үүсгүүрийг холбох үйл ажиллагааг хурдасгах зорилготой
