Хүннү хотод Засгийн газрын байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Улмаар Улаанбаатарын дагуул, шинэ үеийн ухаалаг уг хотын цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.
Үүний нэг нь хотын Захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг эрчим хүчээр хангах зориулалттай “Хүннү” дэд станц юм. Өнөөдрийн байдлаар 110 кВ ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ дэд станц, удирдлагын байр, 10 кВ хаалттай гурав хуваарилах байгууламж, 10 кВ цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажлын явц 84 хувьтай үргэлжилж байна. Тус ажлыг “Да хот” ХХК болон “Концепт капитал солюшнз” ХХК гүйцэтгэж байгаа юм.
Хүннү хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богдхаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр логистикийн төв байгуулагдаж, Монгол Улсын эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж тооцоолжээ.
Нийт 150 мянган хүн оршин суух Хүннү хотыг 34 мянган га газарт барьж байна. Эхний оршин суугчдаа 2028 онд хүлээн авахаар төлөвлөсөн. Нийслэлийн төсвөөс 2025 онд авто замын зураг төсөв гаргах, газрын гүний дулааныг судлах, цэвэрлэх байгууламжийн ажилд хөрөнгө оруулжээ.
Шинэ Зуунмод хотын нэрийг Хүннү хот болгон өөрчилсөн. Шинээр байгуулагдаж буй хотын татварын 80 хувийг Улаанбаатар хотын захиргаа, 20 хувийг Төв аймгийн ЗДТГ авах аж. Хүннү хот Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд сүндэрлэнэ
