E-Sight
ЭХЯ тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт хийнэ

ЭХЯ тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт хийнэ

Эрчим хүчний яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Тогтвортой хөгжлийн зорилгын хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ” баримт бичгийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ (2025.11.03) боллоо. Энэхүү бодлогын санал нь тэгш, хүртээмжтэй, цэвэр эрчим хүчний шилжилт, шинэчлэлийг Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд ач холбогдолтой аж.    

Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээ нь ногоон шилжилтийг шударга, тогтвортой, хариуцлагатай байдлаар хэрэгжүүлэх үндэсний стратегийн баримт бичиг юм. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тэгш хүртээмжтэй үндэсний зорилтуудыг нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн зах зээлийн стратегитай уялдуулна. Энэхүү үйл явц нь шат дараалсан хэрэгжилт, тасралтгүй сайжралт, үндэсний онцлогт нийцсэн зарчмыг баримтална. Мөн Монгол Улсын нүүрсэнд түшиглэсэн эдийн засгийн суурийг ногоон өсөлт, орон нутгийн хөгжил, уур амьсгалын тэсвэртэй хөгжил рүү чиглүүлэх юм. 

ЭХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.ХичээнгүйМонгол Улсын Засгийн газар, тэр дундаа Эрчим хүчний яам тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг тууштай хийхийг зорьж байна. Энэхүү хүрээ нь бидэнд эрчим хүчний шинэчлэл, уур амьсгалын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах нэгдсэн чиглэл, тодорхой удирдамжаар хангаж буй юм. Мөн манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтууд болон олон улсын үүрэг амлалтад бүрэн нийцэж байгаа” гэв. 

“Монгол Улсад тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх нь” НҮБ-ын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан “Тогтвортой дулаан хангамжийн бодлогын замын зураглал”-ын талаар Монгол дахь НҮБХХ-ийн эрчим хүчний зөвлөх О.Бавуудорж танилцууллаа. Уг зураглал нь Улаанбаатар хотын гэр хорооллын амины орон сууц, гэр сууцны дулаан хангамжийн системд тохирох технологийг техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан үнэлэх зорилготой. Мөн тэгш хүртээмжтэй, тогтвортой дулаан хангамжийн шилжилтийг дэмжих бодлого, зохицуулалт болон санхүүгийн арга хэмжээг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад санал болгоход чиглэжээ. Тус замын зураглалд дэвшүүлсэн бодлого, хууль эрх зүйн арга хэмжээг зөвхөн нийслэлд төдийгүй бусад аймаг, сумдын түвшинд хэрэгжүүлэх боломжтойгоор онцлог. 

Арга хэмжээний үеэр төр, хувийн хэвшил болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллүүд “Тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн хүрээг” хэрэгжүүлэх бодит арга зам болон хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн төр, хувийн хэвшил болон олон улсын түншүүдийн нягт хамтын ажиллагаа нь энэхүү хүрээний зорилго, үзэл баримтлалыг бодит үйл хэрэг болгох гол нөхцөл болохыг оролцогчид онцоллоо.