“Би бусад оюутны адил элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, босго онооны болзлоо хангаад ШУТИС-д элсэн суралцаж байна. Та яагаад намайг илүү үзээд, их сургуулиа төгсөж чадахгүй гэж бодож байгаа юм бэ.” гэх хариулт багшийг сэртхийлгэв. Уг нь багш аутизмтай оюутантайгаа ярилцах, асуудал бэрхшээлийг сонсох, цаашлаад тусламж дэмжлэг шаардлагатайг тандах эерүү бодлоор уулзсан нь байдлыг улам дордуулчихлаа. Оюутныг онцгойлон, найз нөхдөөс нь “ялгаварлан” харилцаж буй мэт мэдрэмжийг санамсаргүйгээр төрүүлсэн бололтой.
Ингээд багш Эрчим хүчний инженерчлэлийн сургууль (ЭХИС)-ийнхаа хөгжлийн бэрхшээлтэй 11 оюутны сурч боловсрох эрхийг хангахын төлөө эрэл хайгуул хийсэн байна. Эдгээр оюутны сурч боловсрох эрхийг бодитоор хангахын тулд нэн түрүүнд хүртээмжтэй орчныг үнэлүүлж, нөхцөл байдлаа тодорхойлуулахаар мэргэжлийн байгууллагад хандсан. Багшийн чин сэтгэлийн ачаар ШУТИС бодит байдалтайгаа нүүр тулсан бол бусад их, дээд сургуулиудад “сануулга” болохуйц түргэвчилсэн шинжилгээг хийлгэсэн юм. Энэ хүрээнд хандлага, ойлголтыг өөрчлөх зорилготой оролцооны сургалтыг ч зохион байгуулжээ.

“Лифт эвдэрсэн”-ээс тэргэнцэртэй багшийг оролцооны сургалт товлогдсон таван давхар руу шатаар гаргахаас өөр сонголтгүй болгов. Азаар ойролцоо явсан гурван оюутан тусалж дээш өргөж гаргатал, таван давхрын өндөр босготой хаалга багшийг арагш савуулах дөхлөө. Энэ үйл явдал хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах эрхийг ойлгуулах, таниулах зорилготой сургалтын бодит “хичээл” болжээ. Багш оюутнуудад тэргэнцрийг хаанаас яаж барих, хэрхэн эвээ олж өргөвөл тохиромжтой талаар зөвлөгөө өгч байсан юм. Огт лифтгүй сургуулийн тэргэнцэртэй оюутнуудад өдөр бүр ийм асуудал тулгардаг гэж бодоход л халширмаар.
ЭХИС-ийн гуравдугаар курсийн оюутан “Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж явдаг. Хөгжлийн бэрхшээлийг хүнтэй, хүний эд эрхтэн, сэтгэцийн ялгаатай байдалтай л холбож боддог байлаа. Уг нь хөгжлийн бэрхшээл гэдэг бол нийгмийн асуудал юм байна. Хүн болгон өөр өөр. Харин тэр ялгаатай байдлыг нь нийгэм өөрөө бэрхшээл болгодог. Тэгвэл бүх хүн тэргэнцэртэй, дэлхий бүхэлдээ тэр хүмүүсийн онцлогт тохирсноор бүтээгдсэн бол алхаж яваа хүнд ямар асуудлууд тулгарахыг төсөөлөөд үздээ” хэмээсэн нь сургалтад хамрагдсан оюутнууд, багш нарыг бодолд автуулав.
Учир нь ЭХИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах эрхийн судалгаанд хамгийн эхэнд сургуулийн биет орчин буюу барилга, анги танхимын төлөвлөлтийг онцлог хэрэгцээнд нийцүүлэх ёстой гэсэн дүгнэлт гарчээ. ШУТИС-ийн тухайд гэхэд нэг ч налуу гарц байхгүй, хичээлийн байрны босго өндөр, лифт хэт жижиг байх жишээтэй. Үүгээр зогсохгүй ариун цэврийн өрөөнүүд хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан стандарт хангаагүй. Энэ бол ганцхан жишээ. Манай улсын хэмжээнд их дээд сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй 436 оюутан яг л ийм нөхцөл байдалд суралцаж буй нь харамсалтай. Үүний 61 хувь нь хөдөлгөөний бэрхшээлтэй оюутнууд юм. Тиймээс оюутнуудыг тэгш хамруулан сургахад саад, бэрхшээл болж буй дэд бүтцийн, орчны асуудлуудыг шийдэж, тохируулан өөрчилж, шинэчлэх боломжийг эрэлхийлэх нь их дээд сургуулиудын нэгэн сорилт болж байна. Ядаж л тэргэнцэртэй оюутны суух хичээлийн танхимыг нэгдүгээр давхарт байхаар зохион байгуулах боломжийг, тэрхүү тохируулгыг хийх шаардлагатай.
“Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сургалтад уян хатан байдал хамгийн чухал. Тэд лекцэндээ хоцорч, семинартаа сууж чадаагүй бол ойлгохыг хичээгээрэй. Санаатайгаар хичээлээ таслаагүй шүү. Цаана нь олон хүндэтгэх шалтгаан, хүчин зүйлс байгаа. Гэрээсээ гарахаас эхлээд сургууль хүртэлх замд ч бид маш олон бэрхшээлтэй тулгардаг.” хэмээн өөр нэгэн аутизмтай оюутан үзэл бодлоо илэрхийлсэн. Түргэвчилсэн шинжилгээгээр, багш нарын зүгээс өөрсдийн боломжоороо суралцах үйл явцыг дэмжих хандлагатай байсан. Тухайлбал, зарим багш хичээлийн явцын оноог нөхөх, шалгалтын цагийг уян хатнаар зохицуулах, хичээлийн материалаа түгээх зэрэг оролдлого хийсэн нь олзуурхмаар. Гэсэн хэдий ч, видео хичээлүүд дохионы хэлний орчуулгагүй, текстэн тайлбаргүй зэрэг дутагдал түгээмэл аж. Учир нь сургуулийн веб сайт хүртээмжгүй, дэлгэц уншигч программ ашиглах боломжгүй, сургуульд дохионы хэлмэрч байхгүй, институцийн түвшний зохицуулалт хангалтгүй, дэмжлэг албан ёсоор баталгаажаагүй зэргээс багш нарын зөв хандлага, эерэг үйлдлүүдийн үр дүн талаар болж байна. Ямартай ч сул хараатай, харааны бэрхшээлтэй оюутнууд хүсэлт тавин хөтөч авах боломжтой бөгөөд хичээлийн тэмдэглэл бичиж өгөх зэргээр туслуулах боломжтой нь сайн хэрэг. Мөн тусгай хэрэгцээт оюутнуудад зориулсан номын сан байгуулахаар төлөвлөж буй гэнэ.
ШУТИС өөрөө инженерүүдийн сургууль гэдэг давуу талаа ашиглан сургалтын цахим платформуудаа мэдээллийн технологийн хөгжлийг ашиглан илүү хүн төвтэй, илүү хүртээмжтэй болгочихвол сургуулийн хэмжээнд суралцаж буй 69 оюутны тоо хэд дахин нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад хамгийн хүртээмжтэй их сургууль болох нөөц бололцоо дүүрэн бий. Гагцхүү инженерүүд хүний эрхийн мэдрэмжтэй байвал инженерийн шийдэл илүү хүн төвтэй байх юм. Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг тэгш хамран сургах гэдэг бол “зарим” нэгэн багшийн, оюутны асуудал бус, сургуулийн, боловсролын салбарын, бүр Монгол Улсын хэмжээнд төрийн бодлогоор анхаарах асуудал юм.
Хөгжлийн бэрхшээлтэй зарим оюутнууд илт ялгаварлан гадуурхалтад өртдөггүй ч өөрийн бэрхшээлээ ил тод хэлэхээс татгалзаж, бүртгүүлэхээс зайлсхийдэг хандлага түгээмэл аж. Учир нь, хэн нэгний өрөвдөх, эсвэл онцлох хандлагад өртөх вий гэхээс эмээдэг байна. Сургалтын үеэр гар сарвууны бэрхшээлтэй оюутан олон цагаар автобусанд түгжирсний улмаас лекцээ бичиж чаддаггүйгээ хэлж, багшаасаа олон дахин лавлаж асуухаас санаа зовдгоо ч нуусангүй. Энэ бол түргэвчилсэн шинжилгээний үр дүн, оролцооны сургалтын үеэр батлагдсан нэгэн жишээ. Яг ийм хандлагаас үүдсэн саад, бэрхшээлтэй хэчнээн оюутан тулгардаг бол. Энэ бүхнийг хөгжлийн бэрхшээлтэй хувь хүн зөвхөн өөрөө давах ёстой “хувийн асуудал” мэтээр хандах хандлага ч бас нийгмийн бэрхшээл болж байна. Оюутан бэрхшээлээ нууснаар хичээлийн тэмдэглэлгүй үлдэхээс эхлээд олон олон асуудал үүснэ. Энэ бүхэн нөхцөл байдалд бэлтгэлтэй байж, асуудлыг шийдэх сонголт бүхий шийдлийг санал болгодог байх ёстой.
Оролцооны сургалтын төгсгөлд, энэ хүртэлх аяллыг эхлүүлсэн ЭХИС-ийн багш маань “Бид үнэхээр тэгш хүртээмжгүй орчинд оюутнуудаа сургаж байгааг ойлголоо. Хүртээмжтэй байдлаа сайжруулна гэхээр л санхүүгийн асуудал ярьдаг. Тэгвэл хамгийн түрүүнд багш, оюутан гээд бүгдээрээ хандлагаа өөрчлөх ёстой юм байна. Хандлага өөрчлөхөд биднээс хэнээс нь ч санхүүжилт шаардахгүй зүйл. Тиймээс бидэнд соён гэгээрүүлэх, мэдлэг түгээх хэрэгцээ маш их байна. Бид хичээлээ оюутнуудад хэрхэн хүртээмжтэй байлгах, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудаа харгалзан үзэж хичээлээ төлөвлөх гэдэг зүйлүүд дээр анхаарч ажиллах шаардлага тулгарч байгааг харлаа. ЭХИС-ийн багш нарын зүгээс бид хандлагаа өөрчилж, оюутнуудаа ойлгож, бие даалт, лабораторын заавар зөвлөмжүүдээ онцлог хэрэгцээнд тохирсон байхад анхаарч ажиллая.” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Их дээд сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын сурах эрхийг хангах чиглэлд анхаарал хандуулах, дорвитой арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага байсаар байгааг бид харлаа. Энэ бол ганцхан ЭХИС, ШУТИС-ийн асуудал бус манай улсын хэмжээнд тулгамдаж буй асуудал юм. Илүү хүртээмжтэй, илүү хүний эрхийн мэдрэмжтэй орчин нөхцөл, бодлоготой болох тусам их дээд сургуульд суралцах хөгжлийн бэрхшээлтэй оюутан нэмэгдэнэ. Сайн сургууль гэдэг ойлголтод хүртээмжтэй байх тухай асуудал хамгийн эхэнд яригдах ёстой тийм л нийгэмд аж төрж буй.
Тиймээс их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, сурах орчин, багш нарын арга барил нь суралцагчдын ялгаатай байдалд нийцсэн, түүнийг хүндэтгэсэн байх нь чухал. Нөгөө талаас суралцагчид ч бусдынхаа өөрөөс нь өөр шинжийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэхэд суралцах нь зайлшгүй цаг үетэй бид тулгараад байна. Эцсийн дүндээ энэ бүхнийг албажуулах, бодлогоор чиглүүлэх нь хамгийн чухал юм. Бид их дээд сургуулийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй оюутны тэгш хамран сурах эрхийг албан ёсоор “тунхаглах” тохируулгатай болох нь хамгийн чухал байна. Ингэж чадвал, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын нийгэмд оролцох оролцоо нэмэгдэнэ. Дараагаар нь бид ажлын байранд албажсан тохируулгатай байх тухай асуудал ярих нөхцөл байдал үүсэж байгаа юм.
Энэхүү нийтлэлийг Европын холбооны санхүүжилттэй, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-өөс хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-аас Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн багш, оюутны дунд хийсэн түргэвчилсэн сургалт, үнэлгээний тайланд тулгуурсан бичив. Нийтлэлийн агуулга нь зөвхөн оролцогчдын байр суурийг илэрхийлэх бөгөөд Европын Холбоо болон НҮБХХ-ийн байр суурийг илэрхийлээгүй болно.
Энэхүү сургалт, түргэвчилсэн шинжилгээний хүрээнд өгсөн зөвлөмжийн дагуу нэн тэргүүнд сургуулийн орчинг сайжруулах шаардлага үүссэн бөгөөд шинээр хийж буй засвар, барилга байгууламжийн ажлуудыг хүртээмжтэй байдал, тусгай хэрэгцээг хангасан байхад анхаарч ажиллаж байгаа аж. Сургалтад хамрагдсан багш, оюутнуудын хандлага өөрчлөгдөж, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, найзуудаа дэмжиж, хамтдаа сурах ёстой гэдэг ойлголттой болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах эрхийг ойлгуулах сургалтыг ШУТИС-ийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
