Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах 49 дүгээр сургууль цахилгааны хэрэглээгээ нарны эх үүсвэрээр бүрэн хангах төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Сургуулийн цахилгааны урсгал зардалд дүүргээс сард 2-3 сая төгрөг зарцуулдаг байна. Тиймээс сургуулийн дээвэрт 40 кВт хүчин чадалтай нарны систем байрлуулахаар төлөвлөжээ. Уг систем on-grid буюу түгээх сүлжээнд холбогдож, хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ ТНБС-д нийлүүлэх юм.
Төслийн гэрээг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, “Клийн Ресурс Девелопмент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Тэнгис нар (2025.11.06) байгууллаа. Гэрээний дагуу төлбөрийг 3 жилд уян хатан нөхцлөөр төлөх аж. Гэрээний хугацаа дуусахад нарны систем дүүргийн өмч болох бөгөөд түүнээс хойш цахилгааны төлбөрт мөнгө зарлагадахгүй байхаар тооцоолжээ. Нарны системийг суурилуулах ажил мөн эхэлсэн байна.
Мөн дулааныг хийн зуухаар шийдэхээр ажиллаж буй. Ингэснээр тус сургууль манай улсын анхны “ногоон” гэх тодотголтой боловсролын байгууллага болох юм.

