Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, эрчим хүчний асуудлаар дагнан бичдэг “Энержи Инсайт” сэтгүүл, esight.mn веб хуудсыг эрхлэн гаргагч “Энержи Инсайт Медиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар О.Батболд томилогдлоо. Тэрээр тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг юм.
“Энержи Инсайт медиа” нь хэн нэгэн эзэн санхүүжүүлэгчгүй, жирийн редакцийн сэтгүүлчид өөрсдийн хүч хөдөлмөрөөр шинэ сэдэв агуулга руу төвлөрөн орсон сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн өнөөгийн ертөнцийн хамгийн том сорилт, түүнээс үүдэн бидний амьдралд ирээдүйд олон өөрчлөлт оруулах эрчим хүчний шилжилт, түүнд нийгмийн ойлголцлыг ойртуулахын төлөө нийтлэлийн бодлогоо чиглүүлэхийн зэрэгцээ салбарын мэргэжилтнүүд, судлаачидтай үр дүнтэй түншилж, хамтын хүчээр шинэлэг, чухал олон контентийг уншигчдадаа хүргэхээр зорин ажиллаж байгаа билээ.
“Энержи Инсайт Медиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон О.Батболд нь 2010 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачилга, Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбоо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрт ажиллахдаа Монголын уул уурхайн салбарын хөгжил төлөвшилд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, амжилттай удирдан чиглүүлж ирсэн юм. Мөн Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ-ыг хамтран үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд уул уурхайн салбарын компаниудын тогтвортой хөгжил, засаглал, нийгмийн хариуцлага зэрэг ойлголтыг компаниуд болон оролцогч бүхий л талуудад түгээн дэлгэрүүлэх, нийгэм дэх эрдэс баялгийн салбарын талаарх ойлголтыг тэнцвэржүүлэх, танин мэдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн мэргэжилтэн юм.
Тэрээр ХБНГУ, Камбож, Монгол Улсад төрийн байгууллага болон олон улсын байгууллагад ажилласан туршлагатай. Эдүгээ ХБНГУ-ын Шпайрын Их сургуульд Уул уурхай ба орон нутаг-Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулах нь сэдвээр докторын судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
