“Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилт” олон талт оролцогчдын хэлэлцүүлэг Туушин зочид буудалд (2025.11.25) боллоо. Энэхүү арга хэмжээг нийслэлийн эрчим хүчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит ажил болгох зорилгоор Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг нээж Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Сэмжидмаа, НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска нар үг хэлэв.
_1764234960.jpg)
“Нийслэлийн зүгээс 46 өрхийг нарны эрчим хүчний халаалтын шийдэлд шилжүүлээд байна. Энэ нь гэр хорооллын айл өрхийн амьдралын чанарыг сайжруулах, эдийн засгийн ачааллыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит үр дүн гарах хөшүүрэг гэж үзэж байна. Төслийн үр дүнд тухайн өрхүүд жил бүр нүүрстөрөгчийн ялгаруулалтаа 10-20 тонноор бууруулж, эрчим хүчний зардлаа 70 хувиар хэмнэж байна. Хамтарсан уг төсөл нь Улаанбаатар хот эрчим хүчний шинэ загвар руу шилжих, утааны эх үүсвэрийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах стратегийн чухал ач холбогдолтой алхам” гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Сэмжидмаа хэллээ.
_1764234981.jpg)
НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Матилда Димовска “Монголын эрчим хүчний шилжилтийг хурдасгахад инноваци, хамтын ажиллагаа, хүртээмжтэй байдал чухал. Монголд сэргээгдэх эрчим хүчний асар их боломж бий. Цэвэр эрчим хүчний шилжилтийг шударга, хэнийг ч хохироохгүй, хоцроохгүй, хүртээмжтэй, хүн төвтэй хийх ёстой юм. Тиймээс бид Улаанбаатар хотын олон нийтийн хэрэгцээнд тохирсон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих шилжилтийг хэлэлцэхээр цуглаад байна. НҮБХХ сэргээгдэх эрчим хүчний халаалтын шийдлүүдийг судалж, туршилтыг амжилттай хийсэн бөгөөд одоо илүү өргөжүүлж техник, санхүү, бодлогын түвшинд бодит байдалтай нийцүүлэх цаг болсон гэж бодож байна. Нийслэлийн захиргаа дэмжиж байгаад маш их баяртай байгаа”-гаа илэхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр цахимаар “Сэргээгдэх эрчим хүчний шийдэлд шилжих дэлхийн чиг хандлага” илтгэлийг НҮБХХ-ийн “Хөгжилд зориулсан Тогтвортой эрчим хүч” хөтөлбөрийн бодлогын мэргэжилтэн Стефано Пистолезе танилцуулав. Тус илтгэлээр, дэлхий нийтээр цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт 2.4 их наяд ам.доллар болсон нь 10 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг онцоллоо. Цэвэр эрчим хүчний шилжилт нь ядуурлыг бууруулах, шинэ ажлын байр бий болгох, технологийн дэвшил гаргах эерэг нөлөөтэй. Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний салбарын ажлын байр 2023 онд 16 сая байсан бол 2050 он гэхэд 40 сая болох төлөвтэй байна. Монгол Улсын хувьд эрчим хүчний шилжилтийн манлайлагч болох боломж бийг илтгэгч тодотгосон юм. Тодруулбал, манай улс нөөцийнхөө 0.06 хувийг ашиглаж байгааг тооцоолжээ. Гагцхүү эрчим хүчний шилжилт хийхдээ ухаалаг шугам сүлжээг нэвтрүүлэх, төслүүдийг дуудлага худалдааны зарчмаар шалгаруулах нь оновчтой хэмээв.
“Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилт” олон талт хэлэлцүүлэг үндсэн гурван сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих хэлэлцүүлэг үеэр яригдснаар, нийслэлийн хэмжээнд энэ төрлийн тээврийн хэрэгслийг 15 хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ. Үүнтэй холбоотойгоор 2026 онд цахилгаан автомашин цэнэглэх 100 цэг байгуулах гэнэ. Манай улсын хэмжээнд цахилгаан тээврийн 2310 хэрэгсэл бүртгэлтэй байна. Цаашид нийтийн тээвэрт цахилгаан хэрэгслийг нэвтрүүлэх, орон нутгийн замд машин цэнэглэх цэгүүд нэмэгдүүлэх шаардлагатайг хөндсөн.

Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилт, дулаан хангамжийн сэргээгдэх эрчим хүчний шийдлүүд зэрэг хэлэлцүүлгийн оролцогчдын байр суурийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Монгол Улсад хүчин төгөлдөр эрчим хүчний салбарын хуулиуд маш товч, ерөнхий байна. Тиймээс эрх зүйн орчныг процессын зураглалтай болгож шинэчлэх ёстой гэж дүгнэсэн. Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Нэг айл дээвэр дээрээ нарны хавтан тавиад сүлжээнд холбоход 6 сарын хугацаа зарцуулж байх жишээтэй. Эрчим хүчний шилжилтийг томоохон хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж өргөн цар хүрээтэй, нөлөөллийг бий болгох байдлаар хийх ёстой юм билээ.
Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга Ш.Ганзориг: Сүүлийн жилүүдэд маш хурдтай өөрчлөлт шинэчлэл явагдаж байна. Тэр хэрээр хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. 2024 онд “Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг өөрчилсөн ч одоо дахиад өөрчлөх шаардлага тулгарсан. Эрчим хүчний яам захиалж 2023 онд “Монгол Улсын төвлөрсөн дулаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төлөвлөгөө” судалгаа хийлгэсэн. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжтай орчин үеийн дэвшилтэт технологийг яаж хослуулж ажиллах, эрчим хүчний шилжилтийг хэрхэн хийхийг тодорхойлсон судалгааны хүрээнд 6 зөвлөмж гарсан.
Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн ахлах мэргэжилтэн Ц.Энх-Амгалан: Монгол Улстай хамтран 2025-2028 онд хэрэгжүүлэх түншлэлийн стратегийг шинэчилсэн. Энэхүү стратегийн тэргүүлэх чиглэлд, цэвэр эрчим хүч, хүлэмжийн хийн ялгарал багатай тогтолцоог дэмжихээр тусгасан. Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлын нэг хүнд ногдох хэмжээгээр дэлхийд эхний аравт орж байна. Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор бодлогын зөвлөмж өгөхийн зэрэгцээ бодлогод суурилсан зээлийг Засгийн газарт олгож байна. Үүний хариуд сэргээгдэх эрчим хүчинд чиглэсэн, ногоон эдийн засагт тохирсон төлөвлөлт бүрдүүлэх шаардлага тавьж байгаа юм. Цаашид эрчим хүчний шилжилттэй холбоотой Монгол Улсын Засгийн газарт олгож буй зээлийг эрс нэмнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн зээлийг ч нэмэгдүүлнэ.
НҮБХХ-ийн эдийн засагч Фируз Сайдхадзаев: Гэр хорооллыг халаалтын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжүүлэхэд анхааран ажиллаж байна. Энэ туршилтаа Монголын “Юрика” ХХК-тай хамтран 69 айлд хийсэн. Хэрэглэгч гал түлэхэд өдөрт 90 минут зарцуулдаг тооцоо бий. Одоо тэр цагийг гэр бүлдээ зарцуулах, эдийн засгийн хувьд ашигтайгаар ашиглах боломж бүрдсэн. Мөн энэ жил Чингэлтэй дүүрэгт 80 өрхөд суурилуулж байна. Түүнчлэн, БНХАУ-ын дэмжлэгтэйгээр 450 өрхийг хамруулахын зэрэгцээ хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах, халаалтаас хэмнэсэн карбон зах зээлд нийлүүлж орлого олох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал Ч.Сономдагва: Орчноо тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой шилжилт удаан явж байна. Бодлого талаас бүгд оролцож байна. Мэдлэг, мэргэжил боловсролыг олгохгүйгээр шилжилт хийвэл “хуурай” үйл ажиллагаа болдог. МУИС 2008 оноос СЭХ-ний хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна. Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийг 2 жилийн өмнөөс байгуулсан. Бид үйл ажиллагааг судалгаатай хийхгүй бол болохгүй байна. Мэргэжилтнийг бэлтгэх, чадавхжуулах, шинэ технологи дээр ажиллах чадавхийг хөгжүүлэх хэрэгцээ бий. Мөн нийтийн мэдээлэл, мэдлэгийг өөрчлөхөд анхаарч, ард иргэдийн хүлээн авах чадварыг нэмэгдүүлэх ажлыг хийх хэрэгтэй гэж харж байна. Бодлогын орчин, эрх зүйн орчин, судалгааны суурь, бэрхшээлийг даван туулах гэсэн зүйлсийг нэгтгэж чадаж байж шилжилт илүү хурдан байх боломж бүрдэнэ.
Монголын Сэргээгдэх эрчим хүчний холбооны Ерөнхийлөгч Ж.Осгонбаатар: Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбар нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар боссон гэж болно. Бидэнд нар, салхины эх үүсвэр барьж, хөрөнгө оруулалт татсан чадвар, туршлага бидэнд байна. Хамгийн гол нь нийслэлийн цэвэр эрчим хүчний шилжилтэд хувийн хэвшлүүд хэрхэн оролцох вэ гэдэг зүйл тодорхой болох шаардлагатай. Гэхдээ үнэ тарифын тогтвортой бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлсэн байх нь чухал. Тэгж чадвал эрсдэл бага байх юм. Нийслэлийн цэвэр эрчим хүчинд шилжих замын зураглал тодорхой байх ёстой. Санхүүгийн механизм уян байх ёстой.
“Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Э.Орчлон: Хэрэглээнээс зуух, янданг халж сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр халаалтыг нь шийдсэн анхны 5 айл грамм ч нүүрс түлэлгүй дөрөв дэх өвөлтэйгөө золгож байна. Нүүрс түлдэг нэг өрх жилд 15 тонн хүлэмжийн хийг ялгаруулдаг. Бид карбон зах зээлийг ашиглаад 100 мянган айлыг нүүрснээс салгах зорилттой ажиллаж байна. 2030 он хүртэл Сингапур, Щвейцар улсаас тус бүр 2 сая карбон худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингэхээр бид 70 мянган өрхийг утаа, зуухнаас салгах санхүүгийн боломж, эх үүсвэрийг шийдээд байна. Хамгийн гол нь уялдаатай, нягт ойлголтод хүрэх хэрэгтэй байна. Төрөөс бодлогоор дэмжих эсэхээ тодорхой болгомоор байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул: 5000 өрхийн дулаалгад төвлөрч захиалгаар БНХАУ-д үйлдвэрлэсэн хийн халаагуурыг суурилуулж байна. Мөн нарны эх үүсвэртэй халаагуурыг бид зөвхөн Монгол гэрт суурилуулсан. Амины орон сууцанд ч боломжтой гэж үзэж байна. НҮБ-тай хамтраад судалгаа эхлүүлсэн. Цаашид сан босгоод ажиллахаар төлөвлөж байна. Ер нь төр, засаг бодлогоор дэмжих юм бол олон улсаас хөрөнгө оруулалт татах боломж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр: Нийслэлийн агаарын бохирдлын 55 хувийг галлагаатай 171 мянган өрх, 29 хувийг авто тээврийн 804 мянган хэрэгсэл, үлдсэн нь дулааны цахилгаан станц болон зуух бүрдүүлдэг. 2025 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах журмыг шинэчилж баталлаа. Нийслэл ногоон бүстэй болж, үүнд галлагаатай 103 мянган өрх хамаарч байна. Үүнээс 5000 өрхийг хийд шилжүүлж байна. 2026 онд 46 мянган өрх, 2028 онд 171 мянган өрх хатуу түлшнээс сална. БЗД-д 400 өрхийг нарны эх үүсгүүртэй халаагуурт шилжүүлнэ. Мөн 2025 онд СХД-ийн 121 дүгээр сургуулийн халаалтыг газрын гүний дулаанаар шийдсэн. Цаашид төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, хороог хийн халаалтад шилжүүлэхээр төлөвлөсөн.
Сэргээгдэх эрчим хүчний шинжээч О.Бавуудорж: Технологи хөгжихийн хэрээр сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байна. Нарны эрчим хүчний үнэ бодит байдал дээр нүүрснээс хямд болсон. Татаасыг хасаад бодитоор тооцвол нүүрс үнэтэй. Сэргээгдэх эх үүсвэрийн анхны хөрөнгө оруулалт өндөр гардаг. Үнэхээр шийдлийг тогтвортой нэвтрүүлье гэвэл их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Иргэд, хувийн хэвшлийн санхүүжилт хэрэгтэй. Нийслэл сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдье гэж байна. Нарны систем бол дулаан, цахилгаан хоёуланг нь үйлдвэрлэдэг технологи. Үүнийг нэвтрүүлэхийн тулд тодорхой алхам хиймээр байна. Илүү гарсан цахилгаанаа худалдсан айлд төлбөрийг нь “УБЦТС” ТӨХК-иас өгдөггүй. Гэтэл том станцуудад өгөөд байдаг. Тэгэхээр нарны жижиг системүүдээ нэгтгэн эх үүсвэр болгож санхүүжилтийг нь тогтоогоод өгөх хэрэгтэй. Ингэвэл өрхүүдэд ашигтай, орлоготой болно, хөрөнгө оруулна. Нүүрстэй хэн зууралдаад суухыг хүсэх билээ. Цэвэр технологи ашиглахыг л бодно. Тэр нь ашиг олдог бол бүр сонирхоно. Эцсийн хэрэглэгчдээ ашигтай байх нөхцлийг л бүрдүүлэх зүйтэй.
НҮБХХ-ийн тогтвортой дулаан хангамжийн зөвлөх С.Насантогтох: Дулаан хангамжийн бодлогоос гэр хорооллын 200 мянган айл өрх хоцрогдож байна. Нэг өрх 3 тонн нүүрс халаалтандаа зарцуулдаг. Дулаан хангамжийн 7 төрлийн цэвэр технологийг судалж үзсэн. Тэгэхэд байгальд ээлтэй байх, хэрэглэгчийн амьдралын чанарт эерэг нөлөөлөх зэрэг асуудлуудыг авч үзэхээр сэргээгдэх эрчим хүчний технологиуд боломжтой харагдаж байна. Орлого багатай айл өрх ашиг олох боломж байна. Хууль эрх зүйн болоод бодлого зохицуулалтын арга хэмжээг авах хэрэгцээ бий. Эрчим хүчний шилжилтэд дулааны асуудлыг авч үзэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна. Тиймээс дулаан хангамжийн шилжилтийг хурдасгахын тулд бүх салбар яамд нэг зорилго тавьж, тэр зорилгын төлөө нэгдмэл байдлаар ажиллах ёстой. Гэр, байшин сууцаа дулаалснаар 40-60 хувь хэмнэлт гарна. Хэрэглэгч талын менежментийг нэвтрүүлэх шаардлагатай. Тэгш хүртээмжтэй шилжилтийг татаасд суулгах, олон улсын зээл тусламж, карбон гэх мэтээр санхүүжилтийн олон механизмаар шийдэх хэрэгтэй.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн ахлах судлаач, доктор Э.Батмагнай: Газрын гүний дулааны хөгжил Монгол Улсад хайгуулын түвшинд явж байгаа учраас шинэ ойлголт юм. Геотермал энерги үйлдвэрлэлийн түвшинд Азид эхний тавд орох боломжтой. Улаанбаатар хот орчим гарал үүслийн хувьд геотермал энергийг ашиглах боломж байгаа юм. Гэвч илүү нарийвчилсан судалгаануудыг хийх ёстой. Судалгааны үр дүнд Сэлбэ дэд хот болон Хүннү хотын төлөвлөлтөд энэ төрлийн эх үүсвэрийг оруулаад явж байна. Манай улс анхны геотермал энергийн эх үүсвэрийг бий болгоход судалгаа шилжилгээ үр дүнтэй байх шаардлагатай.
Төслийн үр шим хүртэгч айл өрхийн төлөөлөл Э.Сарнай: Хүйтний улирал эхэлсэн үед бид шууд зуухаа гаргасан. Итгэлтэй, бас айдастай байсан. Сэргээгдэх эрчим хүч гээд огт өөр зүйл ороод ирсэн. Гэтэл өвлийн ид хүйтэнд орон сууцанд амьдарч буйгаас ялгаагүй дулаахан байсан. Сарын сүүл болоход цахилгааны төлбөрөөс айсан. Гэтэл хамгийн ихдээ 160 мянган төгрөгитйн төлбөр гарсан. Тэгэхээр нүүрс, түлээ, унаа тээврийн зардлаас хамаагүй хямд туссан. Түүнчлэн, сэтгэл ханамж өндөр, стресс бага болсон. Зундаа халаалт бага хэрэглэх учраас зурагт, хөргөгч, хөлдөөгчөө залгаад ашиглачихдаг болсон. Өвөл зөвхөн дулаанаа хангаж байна. Хүмүүс манайхыг их сонирхож асуудаг. Цаашлаад нэг системээс 2-3 айлыг хангах боломжтой эсэх нь сонирхолтой байна.

