E-Sight
Д.Энхтүвшин: Энэ өвөл шөнийн тарифын хөнгөлөлтөд 240 мянган айл өрх хамрагдана

Д.Энхтүвшин: Энэ өвөл шөнийн тарифын хөнгөлөлтөд 240 мянган айл өрх хамрагдана

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилдэг шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар ЭХЗХ-ны ХМОНХ мэргэжилтэн Д.Энхтүвшингээс тодрууллаа. 

Энэ өвөл шөнийн тарифын хөнгөлөлтөд хэчнээн айл өрх хамрагдах вэ? 

2017 оноос эхэлсэн шөнийн тарифын хөнгөлөлт ес дэх жилдээ хэрэгжих гэж байна. Энэ өвлийн тухайд 240 орчим мянган айл өрхөд хөнгөлөлт үзүүлэхээр тооцоолсон. 2025 онд 81 тэрбум төгрөгийг шөнийн тарифын хөнгөлөлтөд төсөвлөсөн. Өнгөрсөн жил 210 мянган айл өрх хөнгөлөлтөд хамрагдсан.  

Өмнөх жилүүдтэй адил нөхцөлөөр хөнгөлөлт үзүүлэх үү? 

ЭХЗХ-ноос 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх цагийг сунгасан. Хэрэглэгчид орой 21:00 цагаас өглөө 09:00 цаг хүртэл буюу 12 цагийн турш хэрэглэсэн эрчим хүчнийхээ тарифт хөнгөлөлт эдлэх болсон. 

Мөн айл өрхийн хэрэглээний дээд хязгаарыг шинэчилж тогтоосон. 220 В хүчдэлийн түвшинд холбогдсон айл өрхийн хувьд 700 кВт.цаг хэрэглээг хөнгөлөлтөд хамруулж байсан бол одоо шөнийн цагт хэрэглэсэн 1500 кВт.цаг хэрэглээг хөнгөлөлтөд оруулж тооцно. 

Харин 380 В хүчдэлд холбогдсон айл өрхийн хувьд шөнийн хэрэглээний 1500 кВт.цаг байсныг 3000 кВт.цаг болгож нэмсэн. Эдгээр хэрэглээнээс давсан бол үнийн дүнг 50 хувь хөнгөлж тооцох юм. Ингэж хэрэглээний хязгаарыг нэмж, цагийг сунгасан хэрэглэгчдэд давуу тал болно.