Говь-Алтай аймгийн баруун хязгаарт орших Алтай сум нь алслагдсан төдийгүй Монгол Улсын цахилгаан эрчим хүчний системд холбогдоогүй цорын ганц сум юм. Хамгийн ойрхон эрчим хүчний системд холбох цэг нь 360 км зайтай аж.
Тус суманд 2022 онд Азийн хөгжлийн банкны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд 612 кВт нарны цахилгаан станц, 3 МВт.цаг хуримтлуур, 300 кВт дизель генератор бүхий хосолмол систем ашиглалтад орсон байна. Ингэснээр өдрийн цагаар нарны станцаас 400 гаруй хэрэглэгчийг хангахын зэрэгцээ хуримтлуураа цэнэглэдэг болжээ. Харин намар, өвөл, хаврын улиралд шөнийн цагт цахилгаан эрчим хүч хязгаарладаг байна. Өглөө ажил, хичээл эхлэх үеэр 2-3 цаг батарейны хуримтлуулсан цахилгаанаар хангадаг.
Энэхүү хосолмол системийг ашиглалтад оруулахдаа дизель генератороор хэрэглээгээ хангадаг байсан цэргийн ангийг системд холбосноор ачаалал нэмэгджээ. Алтай сум болон цэргийн ангийн нийт хэрэглээ 550 кВт.цаг орчим байдаг.
Сумыг хоёр дахь эх үүсвэрээр хангах ажил үргэлжилж байна. Эрчим хүчний яамны бодлогоор Алтай сумаас Бургастай боомт хүртэл 35 кВ хүчдлийн 70 км мөн хоёр улсын хилийн зурвас хүртэл 1 км цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, ил хуваарилах байгууламж барьжээ. Харин БНХАУ-ын тал дэд станцаас Лаоемяо боомт хүртэл 35 кВ хүчдлийн 18 км цахилгаан дамжуулах шугамыг 14 хоногийн өмнө татаж дуусчээ. Хэрэв Хятадын тал зөвшөөрөл олговол эдгээр шугамыг хил дамнуулан холбоно. Ингэснээр Алтай сум сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гадна импортын эрчим хүч хэрэглэгч болно.
