E-Sight
Б.Чойжилсүрэн: Гадаад зээлээр $681 сая өртөгтэй эрчим хүчний  8 төсөл хэрэгжиж байна

Б.Чойжилсүрэн: Гадаад зээлээр $681 сая өртөгтэй эрчим хүчний 8 төсөл хэрэгжиж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар (2025.12.10) Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулжээ. 

Тэрээр “Эрчим хүчний салбар нь Монгол Улсын үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбарт тооцогддог.

Улсын хэмжээнд 2024 онд эрчим хүчний хэрэглээ 11.6 тэрбум кВт.цаг болж жилд 5.9 хувийн өсөлттэй байна. Монгол Улсын дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2024 онд 8.7 тэрбум кВт.цаг болж өмнөх оноос 2.7 хувиар өсч, нийт хэрэглээний 75.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангажээ. Хэрэглээний 24.6 хувь буюу 2.8 тэрбум кВт.цаг цахилгааныг импортоор авсан нь өмнөх онтой харьцуулбал 17 хувиар өссөн байна. 

Халаалтын хэрэгцээнээс үүдэн эрчим хүчний оргил ачаалал өвлийн улиралд тохиодог. Өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчний хамгийн их ачаалал 1655 МВт хүрсэн. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний оргил ачаалал дунджаар 10 орчим хувийн өсөлттэй байна. Өвлийн их ачааллын саруудад суурь горимд ажиллах дулааны цахилгаан станцууд суурилагдсан бүрэн хүчин чадлаар, нөөц тоноглолгүй ажиллаж байгаа нь эрчим хүчний хангамжийн тасралтгүй найдвартай байдлыг хангахад эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна” гэжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотод Бөөрөлжүүтийн 300 МВт станц, Сонгино 80 МВт, Багануур дүүрэгт 50 МВт батарей станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 30 МВт нарны цахилгаан станц, Хөвсгөл аймагт 10 МВт нарны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний системд Чойбалсангийн 50 МВт шинэ дулааны цахилгаан станц, Тосонцэнгэлийн 22 МВт цахилгаан станцууд ашиглалтад орсон. Гэсэн хэдий ч цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр байгаа тул нөөц чадал бүрдэхгүй байгааг сайд мэдээлэлдээ дурджээ. 

Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх уламжлалт эх үүсвэрийн төслүүдийг хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 2026 онд Сэлэнгэ аймгийн төвд 70 МВт дулааны цахилгаан станц ашиглалтад орох бол 2027-2028 онд Баянгийн 660 МВт цахилгаан станц, 2028-2029 онд Бөөрөлжүүтийн станцын 300 МВт чадлын II ээлж ашиглалтад орсноор өвлийн оргил ачааллын саруудад нөөц чадалтай болох боломж бүрдэнэ.  

Улаанбаатар хот дулаан хангамж хүндрэлтэй нөхцөл байдалд байгааг Б.Чойжилсүрэн сайд хэлсэн байна. Нийслэлийн агаарын хэм -39C доош хүйтэрсэн нөхцөлд дулаан хангамжийн систем чадлын дутагдалд орж, эх үүсвэрээс алслагдсан цэгүүдэд хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй нөхцөлд буйг тодотгожээ. 

Улаанбаатар хотод жилд дунджаар 190 гаруй Гкал/цагийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогдож байна. Нийслэлийн дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар нэмэгдэж, энэ хэмжээгээр  хэрэглээний өсөлт тогтвортой байвал 2025 онд холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 3874 Гкал/цаг болох аж.

Нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системд 2024 онд Амгалан дулааны станцын 116 МВт өргөтгөлийг ашиглалтад оруулснаар хүчин чадал бага хэмжээгээр нэмэгдсэн ч хэрэглээний өсөлтийг бүрэн хангаж хүчрэхгүй байна. 

III ДЦС-ын дэд бүтцийг ашиглан шинээр 300 МВт цахилгаан, 395 МВт дулаан үйлдвэрлэх шинэ станцыг ОХУ-тай хамтран байгуулах, II ДЦС-ын дэд бүтцэд түшиглэн 300 МВт цахилгаан, 395 МВт дулаан үйлдвэрлэх шинэ станцыг төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар НЗДТГ-аас хэрэгжүүлэхээр холбогдох гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулжээ. Мөн IV ДЦС-ыг дулаан үйлдвэрлэх 210 МВт хүчин чадалтай зуухаар өргөтгөх төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага байгааг сайд мэдэгджээ. 

Түүнчлэн,Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар  Эрчим хчүний сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан байна. 

2025 оны байдлаар 681 сая ам.долларын өртөг бүхий 8 төсөл арга хэмжээг гадаад зээлээр хэрэгжүүлж байна хэмээсэн юм.