E-Sight
"Хятадад үйлдвэрлээгүй" анхны нарны эрчим хүчний дуудлага худалдаа амжилттай болов

"Хятадад үйлдвэрлээгүй" анхны нарны эрчим хүчний дуудлага худалдаа амжилттай болов

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Итали Хятадад үйлдвэрлэсэн эд анги ороогүй анхны нарны эрчим хүчний төслийн дуудлага худалдаагаар 1.1 ГВт-аас дээш хүчин чадал бүхий 88 төслийг шалгаруулсан байна. Тус дуудлага худалдаагаар цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 1 МВт.цаг тутам 66.38 евро (1 кВт.цаг ₮276.1) болжээ.

Энэхүү тариф нь тоног төхөөрөмжийн гарал үүслийн хязгаарлалтгүй сэргээгдэх эрчим хүчний дуудлага худалдааны дундаж үнээс 17 хувиар өндөр байсныг Италийн Цахилгаан эрчим хүчний үйлчилгээний агентлаг мэдээлсэн байна.

Дээрх арга хэмжээ нь Хятадаас импортолдог хямд өртөгтэй сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн хамаарлыг бууруулах багцын хүрээнд явагджээ.

Европын Холбоонд суурилагдсан нарын эрчим хүчний модулиудын 95 гаруй хувь нь импортоор орж ирдэг бөгөөд 2023 онд Хятадаас нарны модуль, эсийн 94 хувь нь импортлогдож байсныг мэдээлжээ.

Дуудлага худалдаанд Enel Green Power, JP Morgan-ы дэмжлэгтэй Sonnedix, KKR-ын дэмжлэгтэй ContourGlobal групп шалгарсан байна.

Итали уг дуудлага худалдааг оролцуулан он гарснаас хойш нийт 9 ГВт нар, салхины станцын эрхийг олгожээ.

Тус дуудлага худалдаа нь эрчим хүчний хязгаарлалтын эрсдэлийг бууруулж, системд боломжийн үнэтэй, тогтвортой хүчин чадал нэмэгдэж, цэвэр эрчим хүчний шинэ хөрөнгө оруулалтын зардлыг бууруулсан явдал болсныг дуудлага худалдаанд оролцогчид онцолсон байна.

Эх сурвалж: Reuters