E-Sight
Эрчим хүчний компаниудын өр төлбөр 2024 онд 2.1 их наяд төгрөгт хүрчээ

Эрчим хүчний компаниудын өр төлбөр 2024 онд 2.1 их наяд төгрөгт хүрчээ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Монгол Улсын Засгийн газар “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

Уг тогтоолын төсөлд "Дулааны III Цахилгаан Станц" ХК, "Дулааны IV Цахилгаан Станц" ХК, "Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц" ХК, "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК, "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХК, "Амгалан Дулааны Станц" ТӨХК зэрэг эрчим хүчний болон 18 төрийн өмчит хуулийн этгээдүүдийн энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд нээлттэй худалдахаар тусгаад байна.

Тэгвэл 2024 онд дээрх зургаан эрчим хүчний компаниас "Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц" ХК-иас бусад нь 895 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Энэ нь эрчим хүчний бусад 20 компанийн өр төлбөрийн 47.1 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн онд эрчим хүчний 27 компаниас "Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станц" ХК, "Эрчим Хүчний Үндэсний Төв" ХХК-иас бусад нь 2.1 их наяд төгрөгийн өр төлбөртэй байсан юм.

Эрчим хүчний хамгийн их өр төлбөртэй төрийн өмчит компаниудад

  • "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК 542 тэрбум төгрөг,
  • "Дулааны IV Цахилгаан Станц" ХК 453 тэрбум төгрөг,
  • "Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК 296 тэрбум төгрөг,
  • "Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК 144 тэрбум төгрөг,
  • "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК 138 тэрбум төгрөг,
  • "Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем" ТӨХК 85 тэрбум төгрөг,
  • "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХК 82 тэрбум төгрөг,
  • "Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК 78 тэрбум төгрөг,
  • "Тавантолгой Дулааны Цахилгаан Станц" ТӨХК 64 тэрбум төгрөг,
  • "Эгийн Голын Усан Цахилгаан Станц" ХХК 60 тэрбум төгрөгөөр багтсан. Эдгээр арван компани нийт төрийн өмчит эрчим хүчний компаниудын өр төлбөрийн 91 хувийг бүрдүүлж байна.