Монгол Улсад Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал (СОР17)-ыг 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд болно. Газар нутгийн 76 хувь цөлжилтөд өртсөн манай улсад газрын доройтол, ган гачиг, усны менежмент, экосистемийн асуудалд төвлөрдөг олон улсын хурлыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой төдийгүй 2028 оныг дуустал тус конвенцыг даргална. COP17 хурлаас Монгол Улс $1.5 тэрбумын санхүүжилт босгох боломжтой гэж тооцоолжээ. Тус хурлаар Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн 3 санаачилга дэвшүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр санаачилга нь газар-уур амьсгал-биологийн олон янз байдлын уялдааг бэхжүүлж, нэгдсэн ландшафтын нөхөн сэргээлтийн шийдлийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэх зорилготой юм.
СОР 17, СОР 30-ийн сэдвийн хувьд ялгаатай ч адил зүйл бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндсэн чиг зорилттой.
Дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс доош барих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүч, аж үйлдвэр, тээврийн цэвэр, ногоон шилжилтийн сэдэвт төвлөрдөг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын XXX бага хурал (COP30) Бразилийн Белем хотноо өнгөрсөн сард 11 өдөр үргэлжиллээ. Монголын төлөөлөгчид өөрийн орны хүлэмжийн хийг бууруулах шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцов.
Одоогоос 33 жилийн өмнө НҮБ-ын Уур амьсгалын анхны хэлэлцээрт гарын үсэг зурсан оролцогч орнуудын Conference of the Parties буюу “Талуудын бага хурал”-ыг COP гэж товчлон нэрлэдэг. Монгол Улс 1999 онд Киотогийн протоколд, 2016 онд Парисын хэлэлцээрт нэгдсэн.
