Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Эрчим хүчний дэд сайдаар томилогдсон С.Далхаасүрэн үүрэгт ажлаа (2025.12.17) хүлээн авчээ.
Сугаржавын Далхаасүрэн нь Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат. “Их Монгол” дээд сургуульд сэтгүүлч, Удирдлагын академид Төрийн захиргааны магистр, МУИС-д Эрх зүйч, хуульч мэргэжлийг тус тус эзэмшсэн.
Тэрээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэлтсийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч даргаар ажиллаж байсан. 2020 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж, 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтын 27-д бичигдэж байв. Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг байна.
Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэнг томилсон Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатар танилцуулж, ажлын үнэмлэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий гардуулсан байна.
