Одоогоос яг нэг арваны өмнө Парисын хэлэлцээрийг баталж, олон улс орнууд үүнд нэгдэж байв. Тухайн үед гарч байсан болгоомжилсон, эргэлзсэн таамаглалууд нь өнөөгийн бодит хөгжлийн хурд, цар хүрээг дутуу үнэлснийг шинэ судалгаанууд харуулж байна. 2025 оны төгсгөлд хийсэн Energy & Climate Intelligence Unit (ECIU)-ийн дүн шинжилгээгээр Парисын хэлэлцээр батлагдсанаас хойш цэвэр эрчим хүчний хувь хэмжээ, хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, цахилгаан автомашин зэрэг шинэ технологиуд дэлхий нийтэд хурдацтай тархсан. Үүний зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарал буурч, уур амьсгалын бодлого дэлхийн эдийн засгийн тогтолцоонд бодитоор нэвтэрснийг судалгаанд дурджээ.
Тэгвэл 2015 оны таамаглал ба 2025 онд гарсан бодит үр дүнгүүдийг дараах байдлаар харьцуулсан байна.
Дэлхий даяар 2024 онд 553 ГВт нарны эрчим хүч шинээр суурилуулсан нь 2015 оны ОУЭА (IEA)-ийн таамгаас 1500 хувиар давсан үзүүлэлт юм. Нарны эрчим хүчний нийт хүчин чадал 2015 оны төсөөллөөс дөрөв дахин их болж, гурван жил тутамд хоёр дахин нэмэгдэж байна. Нүүрсний эрчим хүч дэлхийн хэмжээнд буурах шатандаа оржээ.
2025 онд дэлхий даяар борлуулсан цахилгаан машины тоо 2015 оны IEA-ийн таамгаас 40 хувиар их байсан бол 2030 он гэхэд 66 хувиар давна гэж тооцоолж байна. Парисын хэлэлцээрийн хүрээнд тавьсан “2030 он гэхэд 100 сая цахилгаан автомашин” нэвтрүүлэх зорилт 2027 он гэхэд биелэх төлөвтэй.
Парисын хэлэлцээрийн өмнөх арванд дэлхийн цахилгааны эрэлтийн өсөлтийн 68 хувийг уламжлалт түлш хангаж байсан бол сүүлийн арванд энэ өсөлтийн 67 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангажээ. Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт 2025 онд 2.2 их наяд ам.долларт хүрч, уламжлалт түлшний салбараас хоёр дахин их болж байна.
Цахилгаан автомашинууд нийт борлуулалтын 20 хувийг эзэлсэн нь өдөрт ойролцоогоор 286 мянган тонн газрын тосны хэрэглээгүй хэмнэж байгаатай тэнцсэн гэсэн үг юм. Ингэснээр автомашины түлшний хэрэглээг багасгах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах үр нөлөөтэй.
Уур амьсгалын чиглэлийн хууль тогтоомжууд 2015 оноос хойш гурав дахин нэмэгдэж, харин бодлогын хэрэгслүүд буюу хэрэгжүүлэх арга замууд долоо дахин ихэссэн байна. Харин цэвэр эрчим хүчний салбарт 36.2 сая хүн ажиллаж байгаа нь газрын тос, хий, нүүрсний салбараас давжээ.
