Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) болон Ризилиенс Консалтинг Сервиз ХХК-ийн төлөөлөгчид Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн удирдлагуудтай уулзалт (2026.01.13) зохион байгуулжээ.
Уулзалтаар Монгол Улсын урт хугацааны эрчим хүчний шилжилт, байнга өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа “Монголын залуу цахилгааны инженерүүдэд техникийн ур чадварын хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Эрчим хүчний инженерчлэлийн сургуультай хамтран үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр боловсруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд чадвартай хүний нөөц бэлтгэх, сургалт, судалгаа, инновацыг дэмжих, чадамжид суурилсан сургалтыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэнээр эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

