E-Sight
Өнөөдөр 2 удаа цахилгаан хязгаарлана

Өнөөдөр 2 удаа цахилгаан хязгаарлана

Эрчим хүчний яамнаас системийн нөхцөл байдал, хязгаарлалттай холбоотой мэдээллийг 10:00 цагт (2026.01.28) хүргэлээ. Энэ мөчид Бөөрөлжүүт цахилгаан станц 123.2 МВт-ыг сүлжээнд нийлүүлсэн бол импортоор 290.8 МВт авч байна. 

“ДҮТ” ТӨХХК-ийн Ахлах инженер О.Наранбаатар: Өнөөдрийн тухайд нэгдсэн сүлжээний нийт хэрэглээг 1550-1700 МВт байна гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна. Тиймээс хэрэглэгчдийг 150-200 МВт чадлаар хязгаарлахаар төлөвлөсөн. 

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн зуухан цехийн засварын инженер П.Баярмагнай: IV ДЦС-ын долдугаар зууханд гарсан гэмтлийг засахаар хоёр ээлжийн зохион байгуулалтаар 60 хүний бүрэлдэхүүнтэй засварын хэсэг 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Засвар төлөвлөгөөний дагуу явж байна. Аль болох төлөвлөгөөт хугацаанаас өмнө бэлтгэлд оруулах зорилт тавиад ажиллаж байна. 

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ахлах инженер Д.Гантулга: Өнөөдөр өглөө 08 цагаас эхлээд Төв, хангай, зүүн, говийн бүс дээр 8-10 цагийн хооронд хязгаарлалт хийгээд одоо залгаж байна. Үргэлжлүүлээд Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 09 цагаас хязгаарлалт хийж эхэлсэн. Өчигдөр хамгийн урт хугацаагаар 18:00-20:00 цагийн багцын хэрэглэгчид 145 минутаар буюу 2 цаг 25 минут таслагдсан байна. Таслалт, залгалтын хугацаа 15 минут, дээрээс нь тухайн цагийн хэрэглээ өндөр байсан учраас хугацааг хойш нь сунгах тохиолдол гарсан. ТБНС-нд хязгаарлалтыг 13 бүлэг болгож хуваасан. Өнөөдөр 2 удаагийн давтамжтайгаар өглөө 08 цагаас шөнө 00 цаг хүртэл хязгаарлахаар төлөвлөсөн. 

Хоёроос олон цагаар, хоёроос олон удаагийн давтамжтай цахилгааны хязгаарлалтад орсон айл өрх харьяа цахилгаан түгээх төвүүдэд холбогдож шалтгааныг тодруулаарай.