E-Sight
Ноос, ноолуурын салбарынханд ногоон эрчим хүчний дэвшилтэт шийдлүүдийг танилцууллаа

Ноос, ноолуурын салбарынханд ногоон эрчим хүчний дэвшилтэт шийдлүүдийг танилцууллаа

Ноос, ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүдэд сэргээгдэх эрчим хүчний шинэ чиг хандлага, инновац, хамтын ажиллагааны боломжууд болон БНХАУ-ын Huawei компанийн нарны эрчим хүчний дэвшилтэт технологи, ухаалаг шийдлүүдийг танилцуулах “Huawei Fusionsolar Day” арга хэмжээг Монгол Улсад анх удаа “Монхорус Солар” ХХК зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд Huawei Digital Power технологид суурилсан, “Монхорус Солар” компанийн зураг төсөл, угсралт суурилуулалт, ашиглалтын үйлчилгээ бүхий эрчим хүч хадгалах цогц шийдлийг оролцогчдод танилцуулсан байна. Энэхүү шийдэл нь үйлдвэрлэл, худалдаа, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний зардлыг бууруулах, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, ногоон шилжилтийг дэмжих давуу талтай юм.

“Монхорус Солар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батлхагва “Манай компани сэргээгдэх эрчим хүчний салбарт, тэр дундаа Монгол Улсад хэрэгжсэн томоохон чадлын нарны цахилгаан станцын төслүүдийн дийлэнхэд оролцож ажилласан туршлагатай. Хамгийн сүүлд Багануурт хэрэгжсэн 50 МВт чадалтай, 200 МВт.цагийн багтаамжтай батарей хуримтлуурын төслийг 77 хоногийн хугацаанд чанартай гүйцэтгэн ашиглалтад оруулсан” хэмээн онцоллоо.

Мөн ноос, ноолуурын салбартаа тэргүүлэгч “Ханбогд кашимер” ХХК нь 2021 оноос хойш “Монхорус Солар” компанитай дөрвөн удаагийн төсөл хэрэгжүүлэн, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэлдээ амжилттай нэвтрүүлж буй байгууллагын нэг юм. Тус компанийн Үйлдвэр хариуцсан захирал З.Ууганбаяр “Эрчим хүчний хэмнэлт, тогтвортой үйлдвэрлэлийг зорилгоо болгож нарны эрчим хүчийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд туршлага, технологийн чадамжийг нь үнэлж ‘Монхорус Солар’-тай хамтран ажилласан” гэдгээ дурдав.

Ноос, ноолуурын салбарын аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр зардлаа бууруулахаас гадна найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах боломжтой байна. Сэргээгдэх эрчим хүч нь урт хугацаанд эдийн засгийн үр ашигтай, тогтвортой шийдэл бөгөөд олон улсын зах зээлд “ногоон үйлдвэрлэл”-ийн шалгуурыг хангаж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг салбарынхан онцолж байна.

Энэхүү арга хэмжээ нь салбарынхныг ногоон шилжилтэд уриалсан, бодит хэрэгжилт бүхий шийдлүүдийг танилцуулсан чухал алхам боллоо.