E-Sight
Нийслэлийн 347 мянган дулааны хэрэглэгчдэд тоолуур суурилуулахад ₮353 тэрбум шаардлагатай

Нийслэлийн 347 мянган дулааны хэрэглэгчдэд тоолуур суурилуулахад ₮353 тэрбум шаардлагатай

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Монгол Улсын хэмжээнд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын 437.6 мянган дулааны эрчим хүчний хэрэглэгч байна. Үүнээс 7.6 мянга буюу 1.7 хувь нь тоолууртай, 430.1 мянга буюу 98.3 хувь нь тоолуургүй. Тэгвэл нийт айл өрхийн 1.6 мянга нь буюу 0.4 хувь нь тоолууртай, 99.6 хувь нь буюу 405.5 мянга нь тоолуургүй байгааг Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-нд зохион байгуулсан “Дулааны тоолуур суурилуулах, импортлох эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагуудтай хийх уулзалт-хэлэлцүүлэг”-ийн үеэр тус хорооны Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга А.Бат-Эрдэнэ (2026.02.10) танилцууллаа. 

Тоолуур суурилуулбал 600 мянган Гкал эрчим хүчний хэмнэлт гарна

Монгол Улсад дулааны эрчим хүчинд шинээр холбогдох болон холбогдсон хэрэглэгчид хэрэглээгээ нэмэх хүсэлт нийт хэрэглээний 40 орчим хувьд хүрсэн. Хэрэв дулааны тоолуурыг айл өрх, аж ахуйн нэгжид суурилуулбал айл өрхийн хэрэглээнд хэмнэлт гарч, шинэ хэрэглэгчид холбогдох боломж үүсэх юм. 

Нийслэл Улаанбаатарт 347.06 мянган дулааны хэрэглэгчээс 327.4 мянга нь айл өрх, үлдсэн 19.6 мянган нь аж ахуйн нэгж, байгууллага эзэлж байна. Тэдний дийлэнх нь тоолуургүй хэрэглэгчид аж. 

Эдгээр дулааны тоолуургүй хэрэглэгч ДЦС-2,3,4, Амгалан ДС-аас 5.8 сая Гкал эрчим хүчийг халаалалт, халуун усаар дамжуулан хэрэглэж байна. Тоолуургүй хэрэглэгчдийн 3 сая Гкал эрчим хүчийг тоолуураар тооцож болохыг ЭХЗХ-ноос гарсан Ажлын хэсгийн судалгаанаас гарчээ. 

2025 онд ЭХЗХ-ноос Дулааны эрчим хүчний хэрэглээнд суурилсан тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх гурван талт Ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэгт ЭХЗХ-ноос гадна Стандарт хэмжил зүйн газар, Барилгын хөгжлийн төв зэрэг холбогдох байгууллага багтжээ. Тэд судалгаа хийж, өнгөрсөн оны зургаадугаар сард судалгааны дүгнэлт гарган, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг холбогдох байгууллагуудад танилцуулжээ. 

Дээрх судалгаанд үндэслэн хэрэглээнд суурилсан тогтолцоо буюу дулааны тоолуурт шилжүүлсэнээр дараах үр дүн гарахаар байна. Тухайлбал, тоолуур суурилуулсанаар багадаа 20 хувийн хэмнэлт гардаг олон улсын туршлага байдаг. Үүгээр 3 сая Гкалд тооцвол 600 мян.Гкал эрчим хүчний хэмнэлт гарахаар байна. Үүнээс гадна:

  • Тооцоот ачаалал 100 Гкал.цагаар буурч, улмаар эх үүсвэр дээр нөөц үүссэнээр, хэрэглэгчдийн дулаан хангамжийн чанар дээшилж, шинээр хэрэглэгч холбох боломж бүрдэнэ. 
  • Дамжуулах, түгээх сүлжээний алдагдал 154.8 мян.Гкалаар буурна. 
  • Зарцуулалт буурсанаар дамжуулах, түгээх сүлжээний нэвтрүүлэх чадвар дээшилнэ.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч (ТЗЭ)-д автомат горимоор ажиллах боломж бүрдэж, үйл ажиллагааны зардал буурна. 
  • Хэрэглэгчид хэрэглээгээ тохируулах боломж үүснэ. 
  • Хэрэглэгчид барилга, сууцаа дулаалах арга хэмжээг авч эхэлнэ. 
  • Дотор сантехникийн тоног төхрөөмжийн чанар сайжирч, тохируулах хэрэгсэл ашигладаг болно.
  • Барилгын норм дүрэмд өөрчлөлт орж, шинээр баригдах барилгуудад дулааны тоолуур хэмжих хэрэгсэлтэй байхаар зураг төсөлд тусгагддаг болно.
  • Хүлэмжийн хийн ялгарал буурч, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг болно гэсэн үр дүн гарах юм. 

Тус хуралд оролцож буй “Сод Эгшиг” ХХК-ийн захирал Э.Энхтуяагаас тоолуур суурилуулбал конторуудад ямар хүндрэл учирч болох, түүнийг хэрхэн шийдэж болох талаар тодрууллаа. Тэрбээр

“Манай контор 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. БЗД-ийн 4-37 хорооны 3000 гаруй айл өрхийг хамардаг. Дулааны тоолуур тавих нь зөв шийдэл. Энд ярьж байгаачлан хэрэглээнд суурилсан төлбөр тооцоо хийх учраас айл өрхөд хэмнэлт үүснэ. Дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээг хэрэглэгчид өөрсдөө авч эхэлнэ.

Дулааны тоолуур суурилуулахад гарч буй хүндрэлийг конторын зүгээс ухаалаг тоолуур суурилуулах уу гэсэн байдлаар харж байна. Учир нь Монгол Улсад хоёр төрлийн тоолуурыг хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр тоолуур ухаалаг байх тал дээр нэлээд өрөөсгөл. Дээр нь програм хангамжгүй байгаа. Бид алсын зайнаас дулааны эрчим хүчний дата мэдээллийг авч чадахгүй. Хэрэв одоо ашиглагддаг тоолуур тавьбал конторын ачаалал эрс нэмэгдэнэ. Учир нь айлд орж тоолуурын заалт авна гэдэг бидний хувьд төдийгүй айл өрхөд хүндрэл учруулна. Дагаад ажлын ачаалал, өртөг зардал нэмэгдэнэ. Хэрэв ухаалаг тоолуурын мэдээллийг хэрэглэгчид төдийгүй контор өөрсдөө хянадаг системтэй болбол илүү хялбар байх болно” гэлээ. 

Тоолуур суурилуулахын тулд эрх зүйн орчинд өөрчлөлт орохоор байна. Үүнээс хамгийн гол нь УБДС-нээс олгодог тоолуурын техникийн нөхцөлийг дулаан, түгээх сүлжээг хангах ТЗЭ-д олгохоор зохицуулах хэрэгтэй аж. Үүнийг зөвшөөрөл, эсвэл тоолуур суурилуулах хуудас буюу хялбарлчилж холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах, техникийн хувьд боломжтой хэрэглэгчид заавал техникийн нөхцөл шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байна. 

Хэдэн айл өрхөд, ямар төрлийн тоолуур суурилуулах вэ? 

Дулааны тоолуургүй 327 мянган айл өрхийн 172 мянгад нь тоолуур тавих боломжтой байна. Эдгээр айл өрх нь хэвтээ халаалтын системтэй, шууд суурилуулалт хийж болох ч жижиг сантехникийн зохицуулалт хийх шаардлагатай. Харин сантехникийн зохицуулалтгүй шууд тоолуур тавих боломжтой 22 мянган айл өрх байна. 

Хуучны угсармал барилгууд босоо холбогдох шугамтай учраас нэг айлд 3-4 тоолуур суурилуулна. 

95.3 мянган айл өрхөд халаалтын ерөнхий узель дээр тоолуур тавих, айл өрхийн радиатор бүрд хэрэгсэл тавьж, узелиэс гарсан ерөнхий дулааны энергийн хэмжээг тус бүрд нь хуваарилж тооцох боломж байна. Ийм зардал хуваарилах төхөөрөмжийг Европын Холбооны ихэнх улсад хэрэглэдэг. Манайхтай ижил шугам сүлжээтэй Орост 1970-аад оноос хойш нэвтрүүлжээ. 

59.7 мянган айл өрхөд тоолуур тавьж, халаалтын зардал хуваарилах хэрэгсэл суурилуулж болохгүй байна. Тиймээс ерөнхий халаалтын холигч, эсвэл элеваторын узель дээр нь ерөнхий тоолуур суурилуулж, тэндээс гарсан энергийг айл өрхийн м.кв-т харьцуулж, хуваах зарчмаар төлбөрийг тооцно. 

Босоо схемтэй айлууд радиотор болгон дээр суурилуулна. Нэг айл өрх дунджаар гурван радиатортай, зардал хуваарилах хэрэгслийн зах зээлийн үнэ нэг ширхэг нь 180 мянган төгрөг байна. 

ЭХЗХ-ноос 2026 оны норм, дүрмийг өөрчлөлтийн саналд халаалтын зардал хуваарилах хэрэгсэлд өөрчлөлт оруулах саналыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд явуулсан. Энэ жилийн норм, дүрмийн санал хараахан батлагдаагүй байна. 

Дулааны тоолуур суурилуулах хөрөнгө оруулалт хаанаас гарах вэ?  

Монгол Улсад дулааны тоолуурын баталгаажуулалт хийдэг нэг байгууллага нь Стандар хэмжил зүйн газар. Тус байгууллага 2020-2025 онд 920-1535 тоолуур баталгаажуулсан. Дулааны тоолуурыг дөрвөн жил тутамд баталгаажуулах учир лабораторийн дутагдал орохоор байна. Иймээс дулааны тоолуур суурилсанаар Улаанбаатар, орон нутагт нийт 10 лаборатори нэмж байгуулах шаардлага үүснэ гэдгийг Ажлын хэсгийн дүгнэлтэд гарсан байна. Эдгээр лабораторийг байгуулахад 1.8 тэрбум төгрөгийг төсөвт тусгах хэрэгтэй байгаа. Мөн дөрвөн жил тутам баталгаажуулдаг стандартыг найман жил болгохоор ЭХЯ-нд санал хүргүүлжээ. Учир нь 1000 гаран тоолуураас 3-7.5 хувьд эвдрэл, гэмтэл үүсдэг гэсэн статистик гарсан байна.  

Улаанбаатар хотын 347.05 мянган хэрэглэгчдэд дулааны тоолуур болон бусад холбогдох хэрэгсэл суурилуулахад 353.86 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энд програм хангамж, дата төв, алсын зайнаас мэдээлэл авах төхөөрөмж, мөн тоолуур, аллокатор, ерөнхий тоолуур суурилуулах зардал тус тус багтаж байна. Аллокатор гэдэг нь тоолуур суурилуулах боломжгүй барилгын хэрэглэсэн дулааны эрчим хүчийг хэрэглэгч бүрд хуваарилахад ашигладаг хэрэгсэл юм. 

Дулааны тоолуур бол хэрэглэгчийн өмч. Иймээс эхний ээлжинд тоолуур шууд суурилуулах боломжтой айл өрхийг ойрын хугацаанд хамруулна. Мөн урьдчилсан байдлаар хөрөнгө оруулалтыг шийдэх хэд хэдэн арга зам байна. Үүнд олон улсын байгууллагын хөрөнгө оруулалт татах, эсвэл хөнгөлөлттэй зээл, урт хугацааны зээл буюу хэрэглэгч дараа нь төлөх, эсвэл дулааны эрчим хүчний үнэ тариф өртөгт хүрвэл ТЗЭ-д тоолуур борлуулагчаас хоёр жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлж, айл өрхөд суурилуулах гэсэн хувилбарууд яригдаж байна.