Жавар тачигнасан өдрүүдээр нийслэлчүүд эрчим хүчээ хязгаарлуулан, гэрэл цахилгаангүй, халаалтгүй, усгүй зутарч суухдаа л сая эрчим хүчнийхээ үнэн байдлыг бодитоор харж, биеэр мэдэрцгээв. Эрчим хүчний гачигдалтай, гаднаас тодорхой хувиар хамааралтай мөртлөө орон сууцныхаа халаалтыг цахилгаанаар шийдчихсэн бадрангуй хот байгуулчихжээ, бид. Улаанбаатарын хэвийн амьдрал алдагдсан өдрүүдэд л 30 жилд улсынхаа нийслэлийн эрчим хүчний хангамжийг шийдэж чадаагүйг гэнэт мэдэж, бухимдсан иргэд бодлогын алдаа хэмээн дуу дуугаа авалцан шүүмжиллээ. Гэхдээ эрчим хүчний салбарын бодит байдлыг бодлогын алдаа гэхээсээ бодлогогүй явж ирснийх гэвэл илүү үнэн юм. Бодлогогүй гэдгийг нийт хүн амын тал нь амьдардаг Улаанбаатар хотын дулааны 60 хувь, цахилгааны 40 хувийг хангадаг гол эх үүсвэр нь 43 жил болж, ашиглалтын хугацаа нь дуусаж байхад юу ч хийгээгүй, юу ч хийхээр оролдоогүйгээс харж болно. ДЦС-4-ын хувьд түүхэндээ бүрэн шинэчлэл хийгдээгүй, зөвхөн хэсэгчилсэн засвараар “аргацааж” ирж.

Хуучирч, муудсан станцаа бэлтгэл нөөцгүйгээр дээд ачаалалд ажиллуулж байгааг салбарын инженерүүд анхааруулсаар ирсэн ч тэдний дуу хоолой харанхуй хар нүх рүү шидсэн чулуу аятай чимээгүй замхарсаар өнөөг хүрчээ. Уг нь 90 сая долларын хөрөнгө оруулалтаар 1.6 жилийн дотор шинэ зуух ашиглалтад оруулах ТЭЗҮ 2018 онд бэлтгэгдсэн юм байна. Үүнийг хэрэгжүүлсэн бол өнөөгийн засвар, нөөцийн боломж бүрдэх байсныг инженер нь учирлан ярихыг сонссон хүн гаслахаар. Ийм аминд тулсан асуудлаа гаргаж тавьж чаддаггүй, хөрөнгө оруулалтыг шийдэж, шийдүүлж чаддаггүй салбарын яам, түүний удирдлагуудыг ямар бодлогын яам гэх билээ. Бас нийслэл хотын “голт зүрх” нь амь зогоох түвшинд, огцом хүйтрэхэд л хөлдүүс болохын ирмэг дээр байхад хотынх нь удирдлагууд бонд босгон, бродюраа жил болгон сольж, хувийн цахилгаан станц хүртэл санхүүжүүлэн сагсуурч явааг ямар юмных нь бодлого гэх вэ. Бодлогогүй гэдгийн хоёр дахь том жишээ бол улсын төсвийн бодлого.
Улсын төсөв бол төрийн бодлогын бодит тусгал. Сүүлийн 5 жилд эрчим хүчний салбар улсын төсвийн хувьд ач холбогдлоороо адагт шахуу явж ирсэн нь тоо баримтаас тодорхой харагдана. Соёлын бодлоготой харьцуулахад л сүүлийн ганц жилийг эс тооцвол эрчим хүчний хөрөнгө оруулалт үргэлж доогуур түвшинд байсаар ирлээ. Эрчим хүч эдийн засгийн суурь атлаа ямагт хойш тавигдаж, богино хугацааны улс төрд ашигтай салбар, төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө мөнгийг хайр найргүй цацсаар ирсний үр дагавар өнөөгийн хямралд хөтөлснийг эндээс бэлхнээ харж болохоор байна.
Энэ нь хөрөнгө мөнгө дутсандаа биш. Харин ач холбогдлын эрэмбэ, урт хугацааны хөгжлийн хараа байхгүйнх юм. Энэ хандлагын улмаас дэд бүтцийн шинэчлэлүүд хойшлогдож, тоног төхөөрөмжийн насжилт өндөрсөж, салбар өөрийгөө санхүүжүүлэх чадамжгүй болж доройтжээ. Өөрөөр хэлбэл, олон жилийн хөрөнгө оруулалтын дутагдлын хуримтлагдсан үр дагавартай сая улсаараа нүүр туллаа.
Бодлогогүй гэдгийн гурав дахь тод илэрхийлэл нь бодлогын тогтворгүй байдал. Эрчим хүчний реформ нэрийн дор салбарын шинэчлэл зарлан, үндэсний хороо байгуулж, хариуцсан Шадар сайд томилон, сүртэй сүртэй мэдэгдлүүд хийж, эрчим хүчийг овоо нэг анхаарах шинжтэй болсноо Засгийн газар өөрчлөгдөхөд реформ нэрийн доорх бүх ажил тасалдав. “Хоёр жилийн дараа Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болохгүй бол би өөрөө явна" гэсэн Т.Доржханд сайд ч амлалттайгаа хамт таг чимээгүй алга болов. Реформын хүрээнд гарсан цорын ганц бодит шийдэл болох цахилгаан, дулааны үнийг өртөгт нь ойртуулах, хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх зорилготой шийдвэрүүд ч замын дундаа гацаж зогслоо. 2024 оны арваннэгдүгээр сараас цахилгааны үнийг нэмээд, түүний инфляцид үзүүлэх нөлөөлөл арилсны дараа 2026 оны нэгдүгээр сараас дулааны үнийг нэмэхээр төлөвлөсөн байсан билээ. Судалгаа хийж, наана цааныг багагүй харгалзаж үзсэн салбарын төлөвлөлт ч Ерөнхий сайдын улс төрийн үүрэг даалгавраар тасарлаа. Ерөнхий сайд Г.Занданшатарын 2026 онд “үнэ нэмэхгүй” гэдэг шийдвэр нь дахиад л эрчим хүчний салбарт бодлого байхгүй байгаагийн илрэл юм. Ингэснээр салбар хөрөнгө оруулалт татах боломжгүй, хуучин тоног төхөөрөмжөө засах санхүүжилтгүй хэвээр үлдэж байна.
Бодлогогүйн дөрөв дэх жишээ бол Ерөнхий сайдын Эрчим хүчний сайдад өгсөн 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар. Байгалийн байдаг л үзэгдэл шүргээд өнгөрөхөд нийслэл хот хөлдүүс болохоор эмзэг байдалтай байгааг Ерөнхий сайд гэнэт ухаарсан аятай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд сарын хугацаатай үүрэг өгч, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэж, эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцлэхийг үүрэг болголоо.
Дөрвөн жил, гурван Засгийн газар дараалан Эрчим хүчний сайдаар ажилласан хүн 30 хоногийн хугацаанд ажил урагшлуулна гэдэг бүтэшгүй зүйл болох нь бүгдэд ойлгомжтой юм. 30-аад жилийн сүүлийн дөрөвт нь эрчим хүчний салбарыг толгойлохдоо бодож чадаагүй бодлогоо 30 хоногт Чойжоо сайд бодож чадах уу. Ийм нөхцөлд энэ салбарын амиа аргацаасан байдлыг бодлогын алдаа гэж зөөлрүүлж нэрлэх оновчгүй юм. Харин бодлогогүй төрийн бодит дампуурал гэвээс зохилтой. Нэгтгэн дүгнэвэл, өнөөгийн нөхцөл байдал бол дэд бүтцийн өндөр насжилт, хөрөнгө оруулалтын дутагдал, төсвийн буруу эрэмбэлэлт, бодлогын тогтворгүй хэрэгжилт зэрэг системийн чанартай шалтгаануудын нийлбэр юм. Эцсийн эцэст бодлого гэдэг нь юу ч хийхгүй дүлий дүмбэ оргиж суухыг биш, зайлшгүй хэрэгтэй алхмуудыг зоригтойгоор шийдэх шийдлийг хэлж байгаа билээ. Бодлого бодъё гэвэл эдгээрийн суурь шалтгааныг засах шийдлийг гаргах хэрэгтэй. Бүр энгийнээр хэлбэл цахилгаан станц барихад хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээс эхлэх ёстой. Цаашлаад эрчим хүчээ үндэсний аюулгүй байдлын түвшний асуудал болгон авч үзэж, улсын төсөв, гадаадын санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг урт хугацааны нэгдсэн бодлогоор салбарт чиглүүлэх шаардлагатай байна. Эрчим хүч бол хөгжлийн суурь юм. Суурь нь ганхаж байхад бусад салбарт хөгжил дэвшил ярих нь утгагүй. Эрчим хүчээ бодлого төлөвлөлттэй болгохгүй бол улс орны ирээдүй байнгын хязгаарлалттай байсаар байх болно.
Энержи Инсайт сэтгүүл 2026, № 01( 021)
