Техник, технологийн эрчимтэй хөгжил нь түүнийг ашиглах, удирдах өндөр ур чадвартай хүний нөөцийг зайлшгүй шаардаж байна. Тиймээс орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжтэй ажиллах чадвартай, онол-практик хослуулсан хосмог сургалтаар мэргэжилтэн бэлтгэх нь эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийн үндсэн нэг нөхцөл болоод байна.
Энэ чиглэлд үр дүнтэй хэрэгжиж буй төсөл бол ХБНГУ ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны даалгавраар Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Монгол Улсын Эрчим Хүчний Яам болон Боловсролын Яамтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын тогтвортой эрчим хүчний чадавхыг бэхжүүлэх” төсөл юм. Тус төслийн хүрээнд цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт (өндөр хүчдэлийн техникч) мэргэжлийн хосмог сургалтын хөтөлбөрийг 2024 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Уг хосмог сургалтыг Налайх Политехник коллеж, Дархан Политехник коллеж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК болон “Хөтөл цемент шохой” ХХК хамтран хэрэгжүүлж, суралцагчид ажиллангаа суралцаж байгаа нь боловсрол, үйлдвэрлэлийн салбарын уялдаа холбоог бодит ажил хэрэг болгож буйн тод жишээ юм.
Энэхүү хосмог сургалт нь ажиллангаа суралцах, суралцангаа ажиллах бодит боломжийг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, онолын мэдлэгийг үйлдвэрлэлийн орчинд улам баталгаажуулж, ажлын байрны шаардлагад нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг сургалтын дэвшилтэт хэлбэр юм. Түүнчлэн, төсөл нь мэргэжлийн болон үйлдвэрлэлийн дадлагажуулагч багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг зэрэг ахиулж, сургалтын чанар, үр нөлөөг тогтвортой сайжруулахыг нэгэн зорилгоо болгон ажиллаж буйгаараа онцлог.
![]() |
![]() |
Төслийн хүрээнд мэргэжлийн багш нарыг ХБНГУ-д зохион байгуулсан “Өндөр хүчдэлийн техник болон сэргээгдэх эрчим хүчний сүлжээний интеграцийн сургалт” сэдэвт сургалтад (2025.11.23-12.03) хамруулжээ. Энэхүү сургалт нь дэлхийд тэргүүлэгч орны эрчим хүчний бодлого, техник технологийн шийдлийг газар дээр нь судлах, олон улсын туршлагаас суралцах боломжийг бүрдүүлсэн байна.
Сургалтын хүрээнд Германы эрчим хүчний шилжилтийн бодлого, тулгарч буй сорилтууд, түүнтэй уялдсан цахилгаан дамжуулах сүлжээний өөрчлөлт, тогтвортой, аюулгүй эрчим хүчний системийн ирээдүйн шийдлийн талаар гүнзгийрүүлсэн хичээлүүд явагджээ. Мөн Европын холбоо болон ХБНГУ-ын нүүрсхүчлийн хийн ялгарлыг саармагжуулах бодлогын хэрэгжилт, өнөөгийн сорилт, үнэлгээ зэрэг практик ач холбогдол бүхий сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Сургалтын онцлох хэсэг нь хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн саармагжуулж чадсан Германы Морбах хотын “Morbach эрчим хүчний бүс”-ийн туршлагатай газар дээр нь танилцаж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дадлага хийсэн явдал. Энэхүү туршлага нь онол, бодлогын түвшний ойлголтыг бодит хэрэгжилттэй холбож, суралцагчдын мэдлэг, хандлагад чухал нөлөө үзүүлсэн байна.

“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн сургалтын менежер С.Жигжиджав: Эрчим хүчний үндэсний төвийн харьяа Сургалт үйлдвэрлэлийн төвийн инженер багш нар энэхүү чухал сургалтад хамрагдлаа. Сургалт нь онолын мэдлэгийг бодит үйлдвэрлэлийн орчин, практик туршлагатай уялдуулах ховор боломжийг олгосноороо ач холбогдолтой байв.
“Мянга сонсохоор нэг үз” гэдэг үгийн утгыг бүрэн дүүрэн мэдрүүлсэн энэхүү сургалт нь манай төвийн цаашдын хөгжил, сургалтын чанарыг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмэртэй юм. Сургалтын явцад бид онолыг зөвхөн хичээлийн танхимд бус, үйлдвэрлэлийн орчинд хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгааг газар дээр нь харж, туршлага судаллаа. Герман улсаас эхлэлтэй хосмог сургалтын тогтолцоо нь сургалтын байгууллага, үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн нягт хамтын ажиллагаанд тулгуурладгаараа онцлог юм байна. Энэхүү тогтолцоо нь хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээнд нийцсэн, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэдэг. Суралцагчид суралцах хугацаандаа үйлдвэрлэлийн дадлага хийж, тэтгэлэг болон цалинтайгаар суралцаж, төгсөөд ажлын байранд шууд ажиллах боломж бүрддэг нь цаг хугацаа, нөөцийг хэмнэсэн, өндөр үр ашигтай шийдэл болохыг бодитоор харлаа.
Энэ туршлага нь манай эрчим хүчний салбарт нэн шаардлагатай, цаашид өргөжүүлэн хэрэгжүүлэх бодит ач холбогдолтой нь тодорхой харагдаж байна. Мөн Сургалт үйлдвэрлэлийн төв нь цаашид салбар дундын сургалтын төв болон хөгжих, хосмог сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд тодорхой чиг баримжаа өгсөн. Багш нарын мэргэжлийн ур чадварыг цаашид улам нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, виртуал сургалтын хэрэглэгдэхүүн болон биет үзүүлэнг сургалтын үйл явцад үр дүнтэй ашиглах талаар бодит ойлголт, шинэ туршлага хуримтлуулсан нь сургалтын чухал үр дүн байлаа.
ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын цахилгааны хэлтсийн шинжээч Б.Ба
ясгаланбаатар: Төслийн хүрээнд ХБНГУ-д зохион байгуулагдсан өндөр хүчдэлийн техник болон сэргээгдэх эрчим хүчний сүлжээний интеграцийн сургалтад хамрагдлаа. Сургалтын хүрээнд Европын орнуудын цахилгаан эрчим хүчний арилжаа, сүлжээний зохицуулалтын тогтолцоо, өндөр хүчдэл болон сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөр, хосмог сургалтаар суралцахын давуу талуудтай танилцлаа. Мөн нар, салхи, биомасс болон нүүрсний цахилгаан станцуудын технологийг газар дээр нь үзэж судлах боломж олдсон.
Герман улс 2032 оноос нүүрсний цахилгаан станцуудыг бүрэн хориглох хууль хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь анхаарал татаж байлаа. Үүнтэй уялдсан сэргээгдэх эрчим хүчний технологийн хөгжүүлэлт, шинэчлэл эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, цахилгаан эрчим хүчний арилжаа нь биржийн системээр явагддаг бөгөөд үнэ тариф 15 минут тутамд 0-40 центийн хооронд хэлбэлздэг юм байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг тогтвортой ашиглахын тулд дамжуулах шугам сүлжээний өргөтгөл, эрчим хүч хуримтлуулах төслүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлж байгааг харлаа. Энэ нь эрчим хүчний системийн уян хатан, найдвартай байдлыг хангахад чухал үүрэгтэй юм. Сургалт нь зөвхөн мэдлэг олгохоос гадна туршлага солилцох, арга зүй эзэмших, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Сургалтаар олж авсан мэдлэг, туршлагыг бодит ажил хэрэг болгох нь Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжил, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Оргил-Эрдэнэ: Миний хувьд эрчим хүчний хөгжил, шинэ техник технологи нэвтрүүлэлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тэргүүлэгч орнуудын нэг болох ХБНГУ-д болсон сургалтад анх удаа хамрагдлаа. Энэ сургалт нь эрчим хүчний хөгжлийн чиг хандлага, байгальд ээлтэй үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүчний арилжаа, зохицуулалтын аргачлалыг газар дээр нь судалж танилцах боломж олгосон өндөр үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо.
Сургалтын явцад эрчим хүчний салбарын мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэх тогтолцоотой танилцаж, дадлага сургалтад суурилсан сургалтын орчин, үйлдвэр, дамжуулах болон түгээх чиглэлийн олон байгууллагын үйл ажиллагааг бодитоор үзлээ. Энэ нь шинэ санаа, бүтээлч шийдлийг өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар санаачилгатай ажиллах боломжийг нээж, харах өнцгийг илүү өргөн болголоо.
Хосмог сургалтад хамрагдсанаар суралцагчид бодит давуу талуудыг хүртэхээс гадна тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад өндөр ур чадвартай хүний нөөцийг бэлтгэх цаашлаад залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх, ажилгүйдлийн түвшинг бууруулахад үр дүнтэй гэдгийг ХБНГУ-ын бодит туршлагаас харах боломжтой байлаа.

Дархан Политехник коллежийн цахилгааны багш Н.Мөнхбат: 2024 оны намраас Налайх Политехник Коллеж, Дархан Политехник Коллеж болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Дулааны цахилгаан станц–4” ТӨХК, “Хөтөл цемент шохой” ХХК хамтран цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт мэргэжлээр хосмог сургалтын гурван жилийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт нийт 59 суралцагч хамрагдан, онол, практикийг хослуулсан сургалтын аргачлалаар бие даан суралцаж байгаа. Багш нарын үзэж байгаагаар, энэ хөтөлбөр нь суралцагчдад зөвхөн мэргэжлийн мэдлэг олгох төдий бус, үйлдвэр, дамжуулах болон түгээх сүлжээний бодит орчинд дадлага хийх боломж олгодгоороо хамгийн чухал ач холбогдолтой.
Цаашид энэхүү төсөл бөгөөд хамтран ажиллагч аж ахуй нэгжүүдийнхээ дэмжлэгтэйгээр сургалтын хөтөлбөрийг шинэ технологи, ирээдүйн ур чадварт бэлтгэх агуулга, сургалтын тоног төхөөрөмжөөр баяжуулан тогтвортой эрчим хүчний хөгжлийг хурдасгахад чиглэсэн инновац, шийдлийг бий болгох сургалтын арга зүйг хөгжүүлэхээр төлөвлөж байна.


