Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр сайдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад (2026.03.16) өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Үүнийг заавал УИХ-ын чуулганы хуралдаанаар авч хэлэлцэх шаардлагагүй. Хуулийн зохицуулалт нь тийм. Ерөнхий сайд өөрөө захирамж гаргана. Шийдвэр нэг талдаа гарсны дараа албан ёсоор тайлан тавина. Миний хувьд ажлаа хүлээлгэж өгсөн нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, эрчим хүчний салбар хүндэрснийг ойлгож байгаа. Шилжилтийн цаг үед явж байна. Энэ хаврын улс төржилт эхэлж байна. Эрчим хүчний салбарыг ярихаасаа түрүүлээд сандал, суудал, огцруулах гээд янз бүрийн зорилготой байж магадгүй. Хий улс төржөөд асуудал нь шийдэгдэхгүй орхигдох ч магадлалтай.
Хоёрдугаарт, би Ардын намаас таван удаа нэр дэвшээд ялсан хүн. Шүүмжлэл дагуулаад байвал Засгийн газрын нэр хүндэд сайнгүй байна гэсэн зүйл яриад байгаа. Энэ мэт асуудлууд бий. Дараа тухтай ярина. Эрчим хүчний салбар одоогийн нөхцөл байдлаас өөрийн нөөц бололцоогоор дангаараа гарч чадахгүй. Засгийн газар, УИХ-ын дэмжлэг хэрэгтэй. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөл оруулсан. Эцэслэж гарч ирэхгүй байна. Энэ асуудлууд шийдэгдэхгүй байхад би одоо энд юугаа хийж суух вэ. Асуудал хүндээ биш, 30-н хэдэн жил хуримтлагдсан манай хөгжлийн энэ цаг үеийн онцлог гэдгийг олон нийт ойлгоосой” хэмээн ярьсан байна.
