“Нарны эрчим хүчээр Улаанбаатарын гэр хорооллыг шинэчлэх нь” төслийн танилцуулах уулзалтад Чингэлтэй дүүргийн хороодын Хэсгийн 120 орчим ахлагчийг хамруулжээ. Тус арга хэмжээг Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулсан байна. Гэр суурьшлын бүсийн айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үйл явцыг дэмжихэд төслийн зорилго чиглэж байна. Уулзалтын үеэр өрхийн сонгон шалгаруулалтыг хариуцан ажиллаж буй Агаарын харуул НҮТББ мэдээлэл хүргэжээ.
Cонгогдсон өрхүүдэд батарейтай хослон ажиллах нарны цахилгаан үүсгүүр, дулааны нөөцлүүртэй цахилгаан халаагуур, нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг хэмжих ухаалаг тоолуурын хамт суурилуулах юм. Ингэснээр агаарын бохирдлын эх үүсвэрийг бууруулж, дотоод болон гадаад орчны агаарын чанарыг сайжруулна гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
Уг төсөл нь 2027 оны дунд хүртэл нийт 450 өрхийг хамруулах аж. Үүнээс 260 өрхийн бүртгэлийг 2026 онд гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Төсөлд хамрагдах өрхүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
✅ Чингэлтэй дүүргийн байнгын оршин суугч байх, хаяг дээрээ 5 аас дээш жил амьдарсан байх
✅ Монгол гэрт амьдардаг, гэрийн хэмжээ 5 хананаас хэтрэхгүй байх
✅ Өвлийн улиралд өдрийн турш нарны тусгал сайтай, нарны хавтан суурилуулах 3х3 метр хэмжээтэй талбайтай байх
✅ Төсөлд хамрагдах чин хүсэлтэй, суурилуулалтын өмнө болон дараах явцад сургалт, судалгаанд хамрагдах бүрэн боломжтой байх.
