Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон нийт хэрэглэгчдийн тооцоот ачаалал 3609.6 Гкал.цагт хүрч, эх үүсвэрүүд чадлын дутагдалтай ажиллаж байна.
Цаашид төвлөрсөн дулаан хангамжид холбогдохоор хүлээгдэж буй 463.3 Гкал.цагийн техникийн нөхцөлийн ачаалал холбогдсон нөхцөлд эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлаас 1654.8 Гкал.цаг буюу 68.4 хувиар хэтрэх төлөвтэй байна. Иймээс ойрын хугацаанд шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээнд төлөвлөгдсөн өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудын хийж гүйцэтгэх шаардлагатай байгааг "Нээлттэй хаалганы өдөр" үйл ажиллагаа (2026.04.09-11)-ны үеэр "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн Техник, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр хэлсэн.
Дулааны нэгжийн өртөг, дундаж үнэ Улаанбаатар болон бусад төв суурин газарт харилцсан адилгүй байна. Тухайлбал, Улаанбаатарт нэгжийн өртөг буюу үйлдвэрлэлийн өртөг 64.3 мянган төгрөг бол дундаж үнэ буюу хэрэглэгчдэд хүрэх үнэ 35.9 мянган төгрөг байна. Энэхүү зөрүү 44.1 хувь бөгөөд Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх, Дорнод, Даланзадгадад 18.5-55.1 хувийн доогуур үнээр хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг үйлдвэрлэгчид нийлүүлж байна.
"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК нь эх үүсгүүрүүдэд үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн 376 км урттай, 16 магистраль шугам, даралт өргөх 10 ширхэг насос станцаар дамжуулж байна. Улмаар төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон аж ахуйн гэрээтэй 2847 хэрэглэгч нийт 3609.6 Гкал.цагийн дулааны ачаалал бүхий 14,500 барилга, байгууламжийн дулааны эрчим хүчний хэрэглээг ханган ажилладаг байна.
