E-Sight
Хүннү хотын ДЦС жилд 1.4 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ

Хүннү хотын ДЦС жилд 1.4 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэнэ

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Нийслэлийн дагуул Хүннү хотыг эрчим хүчээр хангах 250 МВт хүчин чадал бүхий ДЦС-ыг 678.1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барина гэдгийг “Хүннү Хотын Хөгжлийн Корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гүндболд “Эрчим хүчний салбарын 7 хоног” арга хэмжээний үеэр (2026.04.16) мэдээллээ.

Станцын 90 хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд үлдсэн 10 хүртэлх хувийг Улаанбаатар хот эзэмших боломжтой аж.


Төслийн хөрөнгө оруулалтын 20.6 хувь буюу 140 сая ам.долларыг угсралт суурилуулалт, 17.7 хувь буюу 120 сая ам.долларыг зуух, 13.3 хувь буюу 90 сая ам.долларыг газар, барилга, 11.8 хувь буюу 80 сая ам.долларыг турбин, генератор, 36.6 хувь буюу 248.1 сая ам.долларыг туслах тоноглол, татвар, даатгал, бусад зүйлд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Хүннү хотын ДЦС жилд 1.4 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлнэ. Мөн жилд 1.5 тэрбум Гкал.цагийн дулаан үйлдвэрлэж, хотын дотоод хэрэгцээг хангахаар зорьж байна. Нүүрсний нэг сая тонн хэрэглээг Багануур, Шивээ-Овоо, Бөөрөлжүүтээс хангахаар тооцжээ.

ДЦС-ын байршил нь Хүннү хотын төмөр замын хажууд, зүүн урд зүгт бөгөөд станцыг барих газар бэлтгэгджээ. Харин барилга угсралтын ажил 24-36 сар, ашиглалтын хугацаа 20-30 жил, 20 жилийн хугацаанд хөрөнгийн өгөөж эргэх буюу 679.9 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм.

Хүннү хотод нүүрсээр ажиллах станц барих болсон нь нүүрсний олдоц өндөр, тариф 1 кВт.цаг тутам 192.35 төгрөг, тасралтгүй найдвартай хангамж, орчин үеийн технологиор бохирдлыг хянах төхөөрөмж буюу ESP шүүлтүүртэй байна. Харин сул тал нь агаарын бохирдол боловч ESP шүүлтүүрээр хяналтад авна гэж төлөвлөсөн аж.