Монгол Улсын цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2025 онд 12.6 тэрбум кВт.цаг болсон нь өмнөх оноос 8.6 хувиар, оргил ачаалал 1803.2 МВт-д хүрсэн нь өмнөх оноос 8.9 хувиар тус тус өссөн. Манай улсын эрчим хүчний хэрэглээ сүүлийн 5-6 жилд энергиэр 6-8 хувь, чадлаар 10 орчим хувийн өсөлттэй байна. Энэхүү хэрэглээний өсөлтийг ОХУ-ын импорт болон шинээр ашиглалтад орсон цахилгаан станц, батарей хуримтлуураар хааж байна. Энэ нь салбарын цахилгааны өртөг, зардалд голлох нөлөөг үзүүлж, үйлдвэрлэлийн бүтцэд өөрчлөлт оруулж байгааг ЭХЗХ-ны Үнэ, тарифын газрын дарга Б.Эрдэнэбулган тус хорооны жил болгоны Тайлангийн хурлын үеэр бидэнд мэдээлэл өгсөн.
Тэрбээр үргэлжлүүлэн, “2024 оны байдлаар нийт цахилгаан үйлдвэрлэлийн 80 хувийг дотоодын төрийн өмчит ЦС-ууд үйлдвэрлэж, үлдсэн 20 хувийг импорт, хувийн хэвшлийн цахилгаан станцаас хангасан. Энэ тоо 2025 онд 70/30 болж өөрчлөгдсөн. Бүтцийн өөрчлөлт явагдсаар 2028 онд нийт цахилгаан үйлдвэрлэлийн 42 хувийг төрийн өмчит ЦС-ууд, үлдсэн 58 хувийг хувийн хэвшлийн болон шинээр баригдах цахилгаан станцууд үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй байна. 2026-2028 онд бүтцийн өөрчлөлттэй явагдаж, 2028 оноос цахилгаан эрчим хүчний өртгийн өөрчлөлт тогтворжино.
Дөрвөн хүчин зүйлээс шалтгаалж цахилгаан, дулааны үнийг индексжүүлэх шаардлагатай гэсэн томьёоллыг ЭХЗХ гаргасан. Үүнд шинэ эх үүсгүүрүүдийн нөлөөлөл, ам.долларын ханшийн өөрчлөлт буюу шинэ эх үүсгүүр болон сэргээгдэх эрчим хүчний станцуудтай ам.доллар, ам.центээр байгуулсан гэрээ нөлөөлнө. Мөн ОХУ-ын импортын улирал тутмын үнийн өөрчлөлт, сүүлийн том нөлөө бол хэрэглээний үнийн индекс буюу инфляц гэсэн дөрвөн хүчин зүйлээс хамаарч индексжүүлэх шаардлагатай байна.
2026 онд 1 кВт.цаг цахилгаан эрчим хүчний өртөг 330 орчим төгрөг болсон. Энэ нь шинэ үүсгүүрүүд ашиглалтад орсонтой холбоотой. Гэтэл хэрэглэгчийн үнэ тарифыг сүүлд 2024 оны 11 дүгээр сард 280 төгрөг болгож өөрчилсөн. Иймээс өртөг, үнийн зөрүү нэлээд гарч байна. Гэхдээ ЭХЗХ-ны зүгээс хэрэглэгчийн төлбөрт огцом ачаалал үүсгэхгүйгээр индексжүүлэлт хийнэ гэсэн судалгааг гаргаад байна” гэв.
Энержи Инсайт он гарснаас хойш ОХУ-аас импортолсон цахилгаан эрчим хүчний үнэ яагаад нэмэгдсэн, 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хэрхэн бууруулах талаар тодруулсан.
Тэрбээр, “2026 онд 691 сая кВт.цаг эрчим хүчийг ОХУ-аас импортолно гэсэн үйлдвэрлэл, хэрэглээний төлөвлөгөөтэй байна. Энэ нь өнгөрсөн оноос буурсан үзүүлэлт. Гэхдээ импортын үнэ нь энергийн үнэ, чадлын үнэ, хазайлтын үнэ гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнээс энергийн үнэ, чадлын үнэ том төлбөрийг эзэлдэг. Хэдийгээр манай улс тус улсаас энергийн хэмжээг бууруулж байгаа ч энерги доторх чадлын харьцаа энэ жил өссөн нь ажиглагдсан. Импортын үнэ өнгөрсөн оны гүйцэтгэлээр 1 кВт.цаг тутам 7 орчим ам.цент байсан бол энэ жил чадал, энергийн дундаж үнэ 9 орчим ам.цент болж өссөн. Өнгөрсөн жил дөрвөн удаа энерги, чадлын үнийг ОХУ-ын зүгээс нэмэгдүүлсэн. Энэ жилийн нэг, хоёрдугаар улиралд тодорхой хэмжээний үнийн өсөлт гарсан.
Өвлийн оргил ачааллаас өмнө шинэ үүсгүүр ашиглалтад орвол жил бүр 8-10 хувийн цахилгаан эрчим хүчний өсөлтийг бууруулна. Хэрэв ямар нэг шинэ эх үүсгүүр ашиглалтад орохгүй бол тэр хэмжээгээр хязгаарлалтад хэрэглэгчид орохоор байна.
"Диспетчерийн Үндэсний Төв", "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" компаниуд БНХАУ-аас эрчим хүч экспортлох бэлтгэл ажлыг хангаж байна. "Диспетчерийн Үндэсний Төв" энэ он зургаадугаар сараас Хятадаас турших үйл ажиллагааг эхлүүлэх төлөвлөгөөтэй гэдгийг мэдээлж байгаа. 2026 оны 12 дугаар сард буюу оргил ачааллын үеэр Хятадаас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ рүү 40 сая кВт.цаг эрчим импортлох төлөвлөгөө батлагдчихсан байна. Энэ нь өвлийн оргил ачааллын хязгаарлалтын эрсдэлийг бууруулах техникийн арга хэмжээ авч байгаа хэрэг юм” гэв.
