Татварын Ерөнхий газраас жил бүр шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийг тодруулдаг билээ. Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10”, том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрээс 10 буюу нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагад шагнал гардуулдаг. Тэгвэл 2025 оны “Жижиг сегментийн Шилдэг татвар төлөгч”-өөр сэргээгдэх эрчим хүчний “Солар повер монголиа” компани шалгарсан байна.
Тус компани Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт 30 МВт хүчин чадалтай “Эрдэнэ” нарны цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулсан. Уг станц батарей хуримтлуураас black start, grid forming функцээр 110 кВ-ын 15 км шугамаар дамжуулан Замын-Үүд сумын цахилгааны хэрэглээг ТБНС-ээс тусдаа бие дааж хангах туршилтыг амжилттай (2025.04.02) хийсэн. Ингэснээр уг технологийг Монгол Улсад нэвтрүүлсэн анхны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болсон юм.
“Эрдэнэ” нарны цахилгаан станцын төслийг дотоодын компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар болон Хаан банкны ногоон зээлээр санхүүжүүлснээрээ онцлог.
"Солар Повер Монголиа" ХХК-ийн Ерөнхий захирал Г.Жавхлантуг “Манайх дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн сэргээгдэх эрчим хүчний анхны төсөл. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд амжилттай ажиллах боломжтойг батлан харуулсандаа баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.
