E-Sight
Б.Найдалаа: 2026 онд эрчим хүчний дутагдлыг нөхөх хоёр үүсгүүр холбогдоно

Б.Найдалаа: 2026 онд эрчим хүчний дутагдлыг нөхөх хоёр үүсгүүр холбогдоно

Э.Мишээл
Э.Мишээл
Сэтгүүлч

Эрчим хүчний сайд Б.Найдалаа сэтгүүлчдэд зориулан эрчим хүчний салбарын нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар өнөөдөр (2026.05.05) мэдээлэл өглөө. Түүний мэдээллээс тоймлон хүргэж байна. 

Монгол эрчим хүчний нөөц ихтэй улс. Тухайлбал, салхины 1100 ГВт, нүүрсний 170 тэрбум тонн, нарны 2200 ГВт, усны 6.4 ГВт, ураны 192 мянган тонн нөөцтэй байна.

Өнөөгийн байдлаар, эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нүүрсний 1566 МВт, нарны 156 МВт, салхины 155 МВт, усны 26 МВт, бусад 7 МВт, мөн батарей хуримтлуурын 151.1 МВт/486.6МВт.цаг ажиллагаанд байна. 

Цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөлийн хүлээгдэж буй ачаалал Баруун бүсэд 42 МВт, Төвийн бүсэд 2160 МВт, Алтай-Улиастайн бүсэд 26 МВт, Дорнод бүсэд 38 МВт буюу нийт 2266 МВт хүрсэн. 

Манай улс эрчим хүчний сүлжээний алдагдал ихтэй. Дамжуулах сүлжээний шугамын урт, дамжуулах шугамын хүчин чадал бага байх зэргээс үүдэн алдагдал 16 орчим хувьтай байна. Дэлхийн дундаж 5-6 хувь байдаг. 

Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний техникийн нөхцөл олгосон хэрэглээ 116 Гкал.цаг, шийдвэрлээгүй хэрэглээ 1023 Гкал.цаг, 2040 он хүртэлх өсөн нэмэгдэх хэрэглээ 1638 Гкал.цаг, нийт хүлээгдэж буй хэрэглээ 2777 Гкал.цаг байна. Манай улс бол дэлхийн хамгийн хүйтэн Нийслэл боловч хүлээгдэж буй хэрэглээ өндөр. Өмнө зүгийн улсуудтай харьцуулахад тэнд доголдол үүсэхэд хот даяараа хөлдөх эрсдэл үүсэхгүй. Гэтэл бид ийм цаг уурын эрсдэл өндөртэй хэр нь дулааны эрчим хүчинд анхаарал хандуулахгүй байна. 

Эрчим хүчний салбарт ажиллагсдын тоо 17,723, үүнээс тал хувь нь үйлдвэрлэх, цахилгаан түгээх, хангахад ажиллаж байна. Харин дундаж цалин 3.57 сая төгрөг, хамгийн өндөр цалинтай хэсэг Диспетчерийн үндэсний төв 6.99 сая төгрөг, СЭХ-ний үүсгүүр 5.2 сая төгрөг байгаа бол хамгийн бага цалинтай нь аймгийн ДС 2 сая төгрөг, ОСНААУГ, ОСНААК-ууд 2.2 сая төгрөг байна. Цаашид цалин нэмэхийг дэмжиж байгаа. Гэхдээ хэнд, хэзээ, яаж, ямар эх үүсвэрээс нэмэх вэ гэдгийг тодруулах ёстой. 

Цахилгаан эрчим хүчний тарифын орлогын зарцуулалт 559.6 төгрөг байгаагаас шинэ эх үүсгүүр, ОХУ-ын импорт 100.6 төгрөг, нүүрсний уурхай, төмөр замын тээвэр 105.5 төгрөг, ажиллагсдын цалин 212.7 төгрөг, үйл ажиллагааны зардал 116.8 төгрөг, ББЭХС, АУЭХС-ийн татаасны бууралт 23.9 төгрөг байна. Өнгөрсөн онд Засгийн газрын 2025 оны 132, 236 дугаар тогтоол гарснаар дулааны тариф хэрэгжээгүй, цахилгааны тариф индексжүүлэлт зогссоны улмаас салбарт 224.4 тэрбум төгрөг орлого зогссон.

Цахилгаан эрчим хүчний нэгжийн өртөг өнгөрсөн оны байдлаар Төвийн бүсэд 2.3 хувь, Баруун бүсэд 58.7 хувиар доогуур байна. Харин дулааны нэгжийн өртөг нийслэл Улаанбаатарт 44.1 хувь, Дархан хотод 58.4 хувь, Эрдэнэт хотод 18.5 хувь, Багануур дүүрэгт 42.7 хувь, Налайх дүүрэгт 29.1 хувь, Дорнод аймагт 55.1 хувь, Даланзадгад хотод 28.5 хувиар тус тус бага байна. 

2026 онд эрчим хүчний дутагдлыг нөхөх хоёр үүсгүүр холбогдоно. Үүнд Сэлэнгэ аймгийн 70 МВт, мөн Зэс-Оюу ил хуваарилах байгууламж, агаарын шугамыг зургаадугаар сарын 29-нд ашиглалтад оруулж, Өмнөговийн хэрэгцээг хангах 80 МВт хүртэлх эрчим хүчийг БНХАУ-аас авна.

ДЦС-4-ийн IX зуухны санхүүжилтийг яаралтай шийдвэрлэнэ. Үүнд цаг алдалгүй орох хэрэгтэй байна.

Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ. Саяхан Засгийн газраас таван аймагт сэргээгдэх эрчим хүчний станц барих шийдвэр гаргасан. Үүнийг нээлттэй дуудлага худалдаагаар яаралтай зохион байгуулна. Энэ нь хөрөнгө оруулагчдад өгөх том “мессеж” болох юм. Үнэ тарифын бодлого, манай эрчим хүчний салбар хаашаа явах нь тодорхой болбол гадаадын хөрөнгө оруулагч нартай ярих боломж нээгдэнэ. Яаманд сэргээгдэх эрчим хүчний газрыг байгуулж, бодлогын түвшинд дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нартай ярилцана. 

Компаниудын засаглал, үр ашгийг сайжруулна. Дулааны цахилгаан станцын дарга биш, харин ДЦС-ын төрийн өмчит компанийн захирал болгон өөрчлөх шаардлагыг тавина. 

Урт хугацааны нэгдсэн бодлого, тодорхой чиглэлгүй байгааг цэгцэлж чадвал эрчим хүчний салбарт үр дүн богино хугацаанд гарна гэж харж байна.