Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэг (ERRA)-ийн 23 дахь удаагийн хурал Бүгд Найрамдах Словак улсын нийслэл Братислав хотноо (2026.04.27) болжээ. Хурлын 49 орны 300 гаруй оролцогчийн 125 нь зохицуулах байгууллагын төлөөлөл аж. Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо тус нийгэмлэгийн албан ёсны гишүүн байгууллагын хувьд хуралд оролцсон байна.
Энэ удаагийн хурлыг Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн дарга, хатагтай Андриана Нелкова-Чүчук, Словак улсын Дэд бүтцийн Зохицуулах газар (URSO)-ын дарга Йозеф Холенчик нар нээж мэндчилгээ дэвшүүлжээ.
Хурлын үеэр Эрчим хүчний зохицуулагчдын бүсийн нийгэмлэгийн хурлын зөвлөлийн тэргүүлэгчдийн сонгууль, Фижи болон Косово улсын зохицуулах байгууллагыг гишүүнээр элсүүлэх, 2025 оны жилийн тайланг хэлэлцүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна. Түүнчлэн, гишүүн орнуудын эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл, хуримтлуур, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, диспетчерийн зохицуулалт, эрчим хүчний зах зээл, хэрэглэгчийн эрх ашиг зэрэг өргөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ. Мөн нийгэмлэгийн зүгээс манай улсын Эрчим хүчний зохицуулах хороонд 2001 оноос хойш тасралтгүй гишүүн байгууллагаар амжилттай хамтран ажилласанд талархан 25 жилийн ойн хүндэтгэлийн батламжийг ERRA гардуулсан юм.

Европын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2005-2021 оны хооронд тогтвортой байсан ч сүүлийн жилүүдэд дата төв, цахилгаан автомашин, аж үйлдвэрийн, дулааны хэрэглээ өсөн нэмэгдснээс эрчим хүчний шинэ зохицуулалтын загвар руу шилжих шаардлага бий болжээ. Эрчим хүч хэрэглэгчийн шинж чанар өөрчлөгдөж буйтай холбоотойгоор төвлөрсөн системээс илүүтэй тухайн бүс нутгийн хэрэглээ, үйлдвэрлэлийг тэнцвэржүүлэх, түгээх сүлжээний уян хатан зохицуулалттай болгох, эрчим хүчний агрегаторуудын тоог нэмэгдүүлэх, дижитал системүүдийг нэвтрүүлэх зэрэг шинэ сорилт тулгарч байгаа аж. Европын зах зээл дээр литийн ион батарейн үнэ 2013 онд 827 ам.доллар/кВт.цаг байсан бол 2025 онд 108 ам.доллар болж хямдарсан байна. Энэ нь 12 жилийн хугацаанд 87 хувиар буурсан үзүүлэл гэдгийг хурлын хэлэлцүүлгээр дурджээ.
Европын Холбоо сэргээгдэх эрчим хүчний зорилтоо биелүүлэхийн тулд 2030 он гэхэд 750 ГВт.цаг хуримтлуулах хүчин чадал шаардлагатай ч өнөөгийн байдлаар бодит үзүүлэлт ердөө 61 ГВт.цаг хүрч байгааг мэдээлсэн байна.

